ӨНӨӨДРИЙН БАЙДАЛ, АСУУДАЛ
2024 оны 10-р сарын байдлаар дархан цаазат Богдхан уулын Яармагийн дэнжид “Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор”-ийн А ба Б блок баригдаж ашиглалтад орж, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нүүж очоод байна. Одоогоор зөвхөн барилгын ажилд 100 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд 2025 оны төсөвт “дуусгал” нэрээр дахиад 45 тэрбум төгрөг төсөвлөсөн байж магадгүй. Цаашдаа энд В блокийг барьж байгуулах тухай яриа байдаг ч одоогоор ТЭЗҮ хийгдээгүй.
Харин Улаанбаатар хотын төв хэсэгт үлдсэн, нийслэлийн төр, захиргаа, харъяа агентлаг, орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын мэдэлд байсан байруудыг буулгахгүй, бусад байгууллагад шилжүүлэх учраас Яармаг руу хийсэн энэ нүүдэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг сайжруулахад бодитой нөлөө үзүүлсэн эсэхийг үнэлэх боломжгүй.
Цаашдаа нийслэлийн төр, захиргааны болон бусад байгууллагууд Яармаг дахь цогцолборт болон хотын төвд хоёр хуваагдаж байрлаж үйл ажиллагаа явуулдаг болох магадлалтай.
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Төсвийн нэр, ангилал, тодорхойлолт: “Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор”. Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 5.0 га талбай эзэмшдэг бөгөөд түүний 0,9 га-д нийт 68 мянган квадрат метр талбайтай гурван блок барилга баригдсан буюу баригдах гэж байна. Үүнд,
А блок 18640 кв.м талбайтай. Нийслэлийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газар байрлана. (Ашиглалтад орсон)
Б блок 30620 кв.м талбайтай. Нийслэлийн харьяа 30 гаруй агентлаг, байгууллага (Ашиглалтад орсон)
В блок 13000 кв.м. талбайтай. Нэг цагийн үйлчилгээ, спорт заал гэх мэт (Одоогоор баригдаагүй).
Захиалагч: Нийслэлийн Засаг даргын тамгын газар
Төсвийн ерөнхийлөн захирагч: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл (2012-2016), нийслэлийн Засаг дарга Су.Батболд, (2016-2018), нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан (2018-2019, 2020), нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан (2019-2020), нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар (2020-2023) Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар (2023 оноос)
Төсвийн эх үүсвэр, төсөвт өртөг: Анхны төсөвт өртөг – 97 тэрбум төгрөг: Одоогоор 100 тэрбумыг даваад байна. Нүүлгэлт, дотоод тохижилт, шинэ тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардал тодорхойгүй.
Гүйцэтгэгч: “Темпланд” ХХК. Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутаг – Яармагийн дэнжид том хэмжээний газар эзэмшдэг тус компани газрынхаа зарим хэсгийг нийслэлд шилжүүлж оронд нь Төр захиргааны цогцолборыг сонгон шалгаруулалтгүйгээр барьж байгуулах эрхийг авчээ.
Барилгын ажил эхэлсэн: 2018 он
Барилгын ажил дууссан: 2024 оны 8-р сард үндсэндээ дуусч нийслэлийн ЗДТГ, түүний харьяа бараг бүх агентлагууд нүүж ирсэн тухай зарласан.
ТӨЛӨВЛӨЛТ БА ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮҮХ
2008 он
Нийслэлийн төр, захиргааны 15 давхар байрыг Богда Холдинг ХХК барьж ашиглалтанд оруулав. Ингэснээр энд тэнд Улаанбаатар хотын захирагчийн алба, бусад арваад агентлаг нүүж орсон байна. Энэ барилга хожим «Хангарьд» нэртэй болжээ. Үүний зэрэгцээ нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар, ИТХ-ын дарга урьдын адил Сүхбаатарын талбайн дэргэдэх 3 давхарт барилгад хэвээр байв. Үүний зэрэгцээ нийслэлийн өмчийн хэд хэдэн байранд үйл ажиллагаа явуулдаг болов.
2013-2016 он
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны хуучин Ханын материалын комбинатын орчимд төр, захиргааг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатарын хотын шинэ төвийг тэнд байгуулах тухай зарлав. Ингээд 2013 оны 6-р сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцуулан шавь тавьсан байна.
Гурван жилийн дараа буюу 2016 оны 6-р сард хотыг захиргааны барилгын ажлын нээлтийг хийсэн ба 2019 онд ашиглалтанд орно гэж танилцууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Эдийн засгийн байдалтай холбоотойгоор барилгын ажил эхлэхэд хугацаа алдсан. Нийт ажлын өртөг нь 70 орчим сая ам.доллар. 15 жилийн хугацаатай зээл. Барилгын ажлыг Монголын үндэсний компаниуд гүйцэтгэнэ. Чингисийн талбайд байрлах одоогийн байраа бид засаж, хотын ёслолын ордон болгоно. Музей, ёслолын ордон бүхий хүндэтгэлийн өргөө болгоно” хэмээн ярьж байжээ.
(Энэ ажлыг санхүүжүүлэхийн тулд Засаг дарга Э.Бат-Үүл Унгар Улсын нэгэн компанитай 230 сая долларын концесссын гэрээ байгуулсан, мөн Сүхбаатарын талбайн дэргэдэх гурван давхар байрыг «Бодь групп»-д худалдсан, тэнд 7 давхар барилга бариулж хоёр давхрыг нь нийслэлийн мэдэлд авахаар тохирсон байсан, түүнийг буцааж авахын тулд шүүхээр заргалдаж байгаа талаар гэж дараачийн Засаг дарга Су.Батболд хожим мэдээлсэн байдаг)
2017-2018 он
Нийслэлийн дараачийн Засаг дарга Су.Батболд нийслэлийн шинэ төвийн байрлалыг Яармагийн дэнжид болгон өөрчилж буйгаа зарлав. Үүнийг төсвийн баримт бичигт «Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвийн нийслэлийн нутгийн удирдлагын өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор» гэж нэрлэж байв.
Харин Яармагийн дэнжийн бүх газрыг хувийн компаниудад олгосон байсан тул Темплланд компанитай хэлэлцээр хийж тэдний мэдэлд байсан 5 га газрыг авчээ. Үүний хариуд тус компаниар “Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор”-ыг барих эрхийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр олгожээ. Энэ нь хууль тогтоомжтой нийцэхгүй байсан ч ямар нэгэн байдлаар шийдэгдсэн юм.



Шинэ цогцолборт 2018 онд багтаан нүүж орно гэж Су.Батболд мэдэгдэж байсан боловч барилгын ажил сунжирч амжаагүй.
2019-2020 он
Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Амарсайхан нийслэлийн төр, захиргааны байрыг Яармаг руу нүүлгэх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлж эхлэв.
Эхлээд үүнийгээ “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хэр зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн бол хэсэг хугацааны дараа “хотын захиргаа Яармаг руу нүүснээр түгжрэл буурна гэвэл худлаа. Ямар ч нөлөөлөл байхгүй. Харин тэр байрыг залуучуудад зориулсан шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн, инженер техникийн чиглэлийн төв болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан боловч бүрэн дэмжигдээгүй. Тиймээс нэг хэсгийг нь хотын захиргаа, нөгөө хэсгийг нь залуучуудад зориулсан хөгжлийн төв болгохоор төлөвлөж байгаа» хэмээнд мэдэгдэж байв.
Удалгүй үүний цаад шалтгаан тодорхой болсон ба цогцолборын А блокт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун, түүний нөхөр О.Тэнүүн (С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаярын хүү) нарын “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ байрлахаар болж гэрээ хийгдсэн байжээ.
Харин 2020 оны сонгуулиар С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдож хотоос явсны дараа энэхүү шийдвэр цуцлагджээ.
Бас энэ хооронд хотын захиргааг Яармаг руу биш, Төрийн ордны баруун хойно баригдаж байгаа, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин байрыг буулгаад шинээр барьж байгаа 16 давхар барилга руу нүүлгэх хувилбарыг авч үзэж байв.
2021 он
Ковид-19 цар тахлын үед тус цогцолборт цар тахлын өвчтөнүүдийг тусгаарлан байрлуулж эмчлэхээр болж бэлтгэл ажлыг хангасан боловч тэгэсхийгээд зогссон байна.
2020-2023 он
2000 оны УИХ-ын сонгуулийн дараа томилогдсон эхлээд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, дараа нь Засаг дарга Д.Сумъяабазар нар нүүх ажлыг үргэлжлүүлэхээр мэдэгдэж янз бүрийн тов зарлаж байв.
2021 онд бүр Засгийн газрын хуралдаанаас 1. «Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны оффисын талбай болон иргэд олон нийтэд зориулсан талбайн дутуу ажлыг 2021 оны аравдугаар сард багтаан дуусгах. 2. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудыг цогцолборын “Б” хэсгийг дуусах хүртэл талбайн зохицуулалт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор багтаан нүүлгэн шилжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгчээ.
Энэ мэтээр нүүлгэх товыг олон удаа зарлаж байсан ч бүрэн хэрэгжээгүй, шалтгаан нь Яармагт дахь шинэ цогцолборын хамгийн том Б блокийн барилгын ажил бүрэн дуусаагүй байсан ажээ.
2023 он
Нийслэлийн дараачийн Засаг дарга Х.Нямбаатар томилогдоход буюу 2023 оны 12-р сарын байдлаар Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явц 89 хувийн гүйцэтгэлтэй болсон байв.
Хэсэг хугацааны дараа Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар “Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд НЗДТГ Яармагт байрлалтай шинэ Хангарди ордондоо бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж ирлээ. Одоогоор Эрүүл Мэндийн Газар болон Байгаль Орчны Газар хараахан нүүж ирээгүй байна. Бусад бүх агентлаг Яармагт шилжиж ирсэн. Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар анх 2016 онд энэ шийдвэрийг гаргасан бөгөөд найман жилийн дараа барилга байгууламжууд баригдаж дууссанаар НЗДТГ, түүний харьяа агентлагууд нүүж ирсэн” хэмээн нийгмийн сүлжээгээр зарлав.
ХУРААНГУЙЛСАН ПОСТЕР (ХУУДСАН) ЗУРАГЛАЛ


