Өнөөдрийн байдал, асуудал
Монгол Улсын хавдар судлалын чиглэлээр мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, тухайн чиглэлээр улсын хэмжээнд бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг юм. 1961 онд “Улсын цацраг туяа эмнэлэг” нэртэйгээр байгуулагдсан ба 1982 оны 12-р сарын 25-нд ЗХУ-ын техник-эдийн засгийн тусламжтайгаар баригдсан одоогийн шинэ цогцолбор байранд нүүж орсон байна. Түүнээс хойш Монгол Улсад тийм эмнэлэг баригдаагүй.
Өнөөдөр Монгол Улсад хорт хавдрын нөхцөл байдал ноцтой байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгч байна. Үүнд,
-Монгол Улсад 2024 онд хорт хавдрын өвчлөлийн 8169 шинэ тохиолдол бүртгэгджээ. 2023 онд харин 7244 хүн хорт хавдар гэж онош сонсож байсантай харьцуулахад 925-аар нэмэгджээ. Энэ тоо бол хоёр талтай. Нэг талаас нь харвал тохиолдол нэмэгдсэн мэт боловч нөгөө талдаа эрт илрүүлэг сайжирсантай холбоотой. Хавдар эрт шатандаа оношлогдож чадсан байна гэсэн сайн мэдээ ч гэж харж болно;
-Хорт хавдрын улмаас 2024 онд 4755 хүн нас баржээ. Энэ нь нийт нас барж буй таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж буй баримт юм; Монгол улсын хүн амд зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлд 1. элэг, 2. ходоод, 3. уушги, 4. умайн хүзүү, 5. бүдүүн шулуун гэдэсний хавдар орж байна;
-Хавдраар өвдсөн нийт иргэдийн 65 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. 80 орчим хувь нь хожуу шатандаа илэрдэг байсан нөхцөл байдал дээрдсэн мэт боловч үүнээс илүү үр дүнд хүрэх буюу өвчнөө эрт илрүүлэх боломж байгааг санах хэрэгтэй;
-2023 оны байдлаар Монгол Улсад 28 885 хүн хорт хавдрын хяналтад эмчлүүлж байсан бол энэ тоо энэ онд 30 орчим мянга болжээ;
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэхээр байна. Мөн хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийн дундаж 17 хувьтай байхад манайд 24 хувьтай байна.
Ийм нөхцөлд хавдартай тэмцэх буюу урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах шаардлагатай учраас Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс эхлээд анхаарал тавьж байгаа юм. Энэ бүх хүчин чармайлтын төв цэг нь Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх ажил болжээ. Арваад жил будилж, эргэж буцсаны эцэст саяхан нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ХСҮТ-2 буюу тус төвийн өргөтгөлийн суурийг тавьсан юм. Үүнтэй зэрэгцэн ХСҮТ-ийн өөрийнх нь хашаан дотор баригдсан хувийн эмнэлгийн барилгыг худалдан авч ашиглах эсэхийг тойрсон маргаан зарга үе үе дэгдэж байсан ч одоо бүрмөсөн намжив бололтой. Энэ үйл явц яагаад ингэж сунжрав? Барагцаалбал, 4-5 жилийн дараа ашиглалтанд орж одоо 229 байгаа орны тоо дахиад 100 ороор нэмэгдсэнээр хавдрын асуудал шийдэгдэх үү?
Үйл явдлын цаглабар
2025.01.06.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд, Найрамдал зуслан очих зам дагуу баригдах Хавдар судлалын 2-р төвийн шав тавих ёслолын ажиллагаа болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцжээ. Нийтдээ 600 ортой цогцолбор эмнэлэг байх бөгөөд 95000 ам дөрвөлжин метр бүхий талбайтай, дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэх энэ цогцолбор эмнэлэгт 1500 орчим эмч, эмнэлгийн ажилтантай болно.
Газрын асуудал 12-р сарын 24-нд бүрэн шийдэгдсэн ба газар эзэмших гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2025 оны 1-р сарын 3-ны өдрийн захирамжаар ХӨСҮТ-д олгосон байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы мэдэгдсэнээр, эмнэлгийг барьж дуусган ашиглалтад оруулахад 4-5 жилийн хугацаа шаардагдах юм. Хавдар судлалын Үндэсний төвийн мэдээллээр 2025-2030 онд хэрэгжих, нийт 185 сая ам долларын өртөг бүхий төсөл байх юм. Санхүүжилтыг зөвхөн улсын төсөв гэхгүйгээр янз бүрийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлэнэ гэж Ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдсэн байна.




2024.12.16.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг ахлах зөвлөх Нямдаваагийн Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа.А жлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Ирэх оны төсөвт одоо үйл ажиллагаа явуулж байгаа хавдрын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулахын тулд дахин өргөтгөх, мөн бэлэн байгаа эмнэлгийг авахаар ажиллаж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, “Эмнэлгийн газар байршил хоёр удаа солигдсон. Эцэст нь СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын ам буюу Найрамдлын наад талын аманд байршихаар 12 га газрыг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн. Ажлын хэсэг гурван га газрыг нэмж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Дэд бүтцийг бүрэн шийдсэн байгаа. Төвлөрлийг сааруулах хүрээнд энэ байршлыг сонгох нь оновчтой гэж үзсэн” гэжээ.
2024.12.12.
УИХ-аар батлагдсан Монгол Улсын 2025 оны “алдагдалгүй” төсвийн баримт бичигт Хавдар судлалын үндэсний төвийн зардал, хөрөнгө оруулалтын талаар дараах тайлбар мэдээллийг тусгажээ. Үүнийг сийрүүлбэл,
Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга нь 1981 онд ашиглалтад орсон бөгөөд 228 хэвтэн эмчлүүлэх ортой 11 нарийн мэргэжлийн тасаг, оношилгооны 12 тасаг, 21 амбулатори бүхий 15.0 мянган м2 бүхий байгууламж бөгөөд сүүлийн жилүүдэд их засвар хийгдээгүй тул тус эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор их засвар шинэчлэлтэд төсөвт өртөг 5.7 тэрбум төгрөг, үүнээс 2.9 тэрбум төгрөгийг 2025 онд санхүүжүүлэхээр төсвийн төсөлд шинээр тусгалаа.
“Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгана.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Хавдар судлалын Үндэсний төв-II барилга” төсөл, арга хэмжээ тусгагдсан боловч газрын асуудлыг бүрэн шийдвэрлэгдээгүйгээс тендер шалгаруулалт зарлаагүй хасагдсан. Төслийн газрын асуудлыг шийдвэрлэгдсэн бөгөөд хавдрын эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, хавдрын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой, нийгмийн үр ашигтай учир төслийн төсөвт өртөг 10.0 тэрбум, санхүүжих дүнг 5 тэрбум төгрөгөөр төсвийн төсөлд тусгалаа.
Мөн Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга нь 1981 онд баригдсан бөгөөд урсгал засвар зайлшгүй хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор их засвар, шинэчлэлтэд 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд шинээр тусгалаа.
Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга нь 1981 онд ашиглалтад орсон бөгөөд 228 хэвтэн эмчлүүлэх ортой 11 нарийн мэргэжлийн тасаг, оношилгооны 12 тасаг, 21 амбулатори бүхий 15.0 мянган м2 бүхий байгууламж бөгөөд сүүлийн жилүүдэд их засвар хийгдээгүй тул тус эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор их засвар шинэчлэлтэд төсөвт өртөг 5.7 тэрбум төгрөг, үүнээс 2.9 тэрбум төгрөгийг 2025 онд санхүүжүүлэхээр төсвийн төсөлд шинээр тусгалаа.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалт
Төсөл, арга хэмжээний нэр: Хавдар судлалын Үндэсний төв-II барилга /Улаанбаатар/
| Төслийн код: УТ2402002302 Эхлэх: 2024 он. Дуусах: 2025 он Төсөвт өртөг (сая төг): Анхны – 10,000,0. Сүүлийн – 10,000,0. 2025 онд: 10,000,0. 2025 онд санхүүжих: 5,000,0. |
Төсөл, арга хэмжээний нэр: Хавдар судлалын үндэсний барилгын их засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/
| Төслийн код: УТ2502001618 Эхлэх: 2025 он. Дуусах: 2025 он Төсөвт өртөг (сая төг): 2025 онд: 5,762,8. 2025 онд санхүүжих: 5,762.8. |
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл батлагдсан тэр үдэш телевизийн сувгийн нэр бүхий сэтгүүлч “Хавдар судлал-д төсвийг 31 тэрбумаар нэмэгдүүлж баталлаа. Ингэхдээ хавдар судлалын шинэ эмнэлэг буюу ХСҮТ-2 төслийг эхлүүлэх ажлын хүрээнд 7,9 тэрбум, мөн ХСҮТ-ийн хашаанд баригдсан, одоо Хөгжлийн банкны барьцаанд байгаа эмнэлгийн барилгыг ХСҮТ-ийн мэдэлд шилжүүлэн авахад авахад 25 тэрбум төгрөгийг ирэх оны төсөв дээр баталлаа. Энэ эмнэлгийн нийт төсөв 75,8 тэрбум төгрөг бөгөөд 5 жилийн хугацаанд улс төлөх юм” гэсэн тайлбар хийсэн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан TV5, SBN, ETV-ийн сурвалжлагчид “Хэрвээ Хавдар-2 оо явуулах юм бол 100 ортой эмнэлгээ авсан нь дээр. Жилд 4500 иргэн маань нас барж байна. Бид иргэдээ нас бараад юу ч хийхгүй, нэг ч алхам хийхгүй суугаад байж болохгүй. Тэгэхээр цогцоор нь шйидэж байгаа нь зөв гэж бодож байна… Бид барих л ёстой, барьчихвал 70,80,100 жилдээ шинэ эмнэлгийн хэрэггүй болж байгаа юм. Миний бодлоор төр баривал удна, тиймээс концесс хамгийн зөв байх гэж бодож байна. Юутай ч бэлтгэл ажлаа хийгээд дэд бүтцээ шийдээд хашаагаа бариад, 2025 онд Засгийн газар руу хууль руугаа оруулж өгөөд эхлүүлэх нь зүйтэй” гэж ярив.
Гэхдээ М.Билэгтийн буюу “Энэр мед” эмнэлгийн барилгыг таван жилийн хугацаанд төлөх зарчмаар төр худалдан авахтай холбоотой ямар нэгэн төсөв 2025 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад алга байна (Гэхдээ өөр төсвийн зүйл ангид байхыг үгүйсгэхгүй)
2024.11.11.
Хавдар судлалын үндэсний төв – 2 эмнэлгийг барих зураг төслийн тендер сонгон шалгаруулалтын дүнд гарчээ. Тендерт нийт 10 компани оролцож “Бодьпропертийз” ХХК 2,400,000,000 ₮ төгрөгийн үнэ санал болгож шалгарсан байна.
2024.11.08.
УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Дөрөвдүгээр эмнэлгийн” асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийжээ.
2024.09.17.
Хавдар судлалын үндэсний төв-II цогцолбор барилгын зураг төсөл /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтыг дахин зарлав.
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт
Нийт төсөвт өртөг: 3,000,000,000₮
Тухайн онд санхүүжих дүн: 3,000,000,000₮
Байршил: Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Чулуут /13220/ бүсчлэлд, Чулуутын аманд, 10 га талбайд
Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1726455277232
2024.08.05.
Хавдар судлалын үндэсний төв-II цогцолбор барилгын зураг төсөл /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ ажлыг гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалт зарлажээ.
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт
Нийт төсөвт өртөг: 3,000,000,000 ₮
Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 3,000,000,000 ₮
Холбоос: https://user.tender.gov.mn/mn/result/detail/1721549878028
ТЭЗҮ-гээс үзэхэд тус барилгыг Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Чулуут /13220/ бүсчлэлд, Чулуутын аманд, 10 га талбайд байршуулахаар заажээ.
Тендерт нийт 6 компани оролцсон ба 2024.09.16-нд үр дүнг зарлахад бүгд хасагдсан байна.
2022.08.30.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 334 дүгээр тушаалаар Улаанбаатар, Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Чулуутын аманд “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар 10 га талбайг “Хавдар судлалын үндэсний төв”-д таван жилийн хугацаатай ашиглахыг зөвшөөрч гэрчилгээ олгосон байна.

2022.04.01.
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү хэвлэлийн хурал хийж ХСҮТ-ийн дэргэд барьсан эмнэлгийн барилгыг тойрсон асуудлаар тайлбар хийв. Тэрбээр тус барилгыг эзэмшдэг УИХ-гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трэйд” ХХК-иас эхлээд улсад худалдах тухай ярьж байснаасаа буцаж түрээслэх асуудлыг ярьж байгааг одоо хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэтэл үүнээс болж биднийг Арбитрын шүүхэд биднийг өгсөн. Дараа нь Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад ирэхээр манай эмнэлгийг гуравдагч этгээдээр татаад байна. Ингэж М.Билэгтийн компанийн Хөгжлийн банкны зээлийг Хавдрын эмнэлэг төлөхгүй” гэсэн байна.
2022.04.04.
УИХ-ын гишүүн асан, “Ачлал трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Билэгт хэвлэлд мэдээлэлд өгсөн ярилцлагадаа, 2020 оноос цар тахлын нөхцөл байдлаас болж Хөгжлийн банкны зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, үүнээс гадна шинэ барилгыг ХӨСҮТ хоёрдугаар корпусаа болгож худалдан авах санал тавихад хүлээн авсан боловч дараа нь “болохгүй, хууль зөрчинө гэж байна” гээд цуцалсан, Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь төр буюу Засгийн газар. Гэтэл төрийн байгууллага нь өөрөө манай төслийн 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх, жигдрэх боломжийг хаасан. Үүнийг би хэлцэл хийх шалтгаан мөн гэж харж байна” гэжээ.
2021.08.25.
“Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-2” цогцолборын зураг төсөл /Улаанбаатар/-ийг гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалт зарлажээ.
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв
Нийт төсөвт өртөг: 1,000,000,000₮
Цогцолборын байрлал Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны нутагт дэвсгэр
Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1628482489848
Нийт 11 компани оролцож ББСМО ХХК хураангуйд орж бусад нь хасагджээ. Цаашдын үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл олдоогүй.
2022 оны 1-р сар
ХӨСҮТ-ийн хашаанд баригдсан “Энэ мед” ХХК-ийн байранд “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК үйл ажиллагаа явуулж эхлэв
2021.
Сонгинохайрхан дүүргийн ХСҮТ-2 салбарын барих 8 га газар, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт хавдрын эмчилгээний дараах сувилал байгуулах 3 га газар эзэмших эрхээ баталгаажуулж төвийн эзэмших талбайг нэмэгдүүлсэн тухай мэдээлэв
2021.06.29.
“Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-2” цогцолборын зураг төсөл /Улаанбаатар/-ийг гүйцэтгэх тендер шалгаруулалтын урилга зарлагдав.
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ/202103110
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв
Нийт төсөвт өртөг: 1,000,000,000 ₮
Тухайн онд санхүүжих дүн: 476,200,000₮
Тендерийн зураг төслийн даалгавраас үзэхэд уг цогцолбор Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах бөгөөд 1500 хүртэл ажилтан, 600 ортой төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг байна гэжээ.
Холбоос: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1622611714016
Тендер шалгаруулалтад гурван компани оролцож 2021 оны 8-р сарын 20-нд үр дүнг зарлахад гурвуулаа хасагдсан байна.
2021.06.25.
Монгол Улсын Засгийн газрыг 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд, Хавдар судлалын үндэсний төвийн салбар II барилга барих газрыг баталгаажуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 8 га газрын эзэмших гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр авсан хэмээн дурджээ. СХД-ийн Засаг даргын захирамжийн дугаар – А/402, гэрчилгээний дугаар 000015742.
2021.03.
“Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК (РД:6678785) байгуулагдав. Эцсийн өмчлөгчид Банзрагч овогтой Баяржаргал ба Банзрагч овогтой Золжаргал. Гүйцэтгэх захирал: Банзрагчийн Золжаргал. Эзэмшигчид: Банзрагчийн Золжаргал, “Скайпрофешнл Медтек” ХХК (гүйцэтгэх захирал Б.Золжаргал, хамтран өмчлөгч “Скайпрофешнл холдинг” ХХК, Баянзрагчийн Баяржаргал, Болор-Эрдэнийн Уянга.
Энд нэр дурдсан Б.Баяржаргал нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы туслахаар ажиллаж байжээ.

2021.03.
Энэ үед “Төрөөс үүдэлтэй шалтгаанаар хүнд нөхцөл байдал үүсэж” гэсэн агуулгатай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг МҮХАҮТ-ээс гаргаж өгсөн байна.
2020 он
Хавдар судлалын үндэсний төвийн салбарын барилгын зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулах ажлын сонгон шалгаруулалтад ялсан “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК тэрбум орчим төгрөг авсан гэсэн мэдээлэл байна.
2020.04.01.
ХСҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Энэр мед”-ийн анхны үнэ 20 тэрбум байсан, тэгээд гурван жил орчим яваад худалдаад авчих юм байна гэж байтал, анхны ярианаасаа өөрчлөгдөөд 60 тэрбум болсон, түүнээс болж ХӨСҮТ тухайн барилгыг худалдаж авч чадахаа байсан гэжээ.
2019.12.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнд Монгол Улсын гавьяат эмч цол хүртээжээ.
2019.10.15.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны энэ өдрийн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн дараах мэдээллийг хийжээ.
- Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг нэн шаардлагатай байгаа тухай хүсэлтийг анх Хавдар судлалын үндэсний төв, бид бүхэн Эрүүл мэндийн сайд Сарангэрэлд тавьсан. Үүнийг бас дэмжиж бид Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа орж, Засгийн газрын хуралдаанаар ямар ч байсан энэ асуудлыг дэмжих нь зүйтэй юм байна, ингээд үйл ажиллагаа өргөтгөх чиглэлээр Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв өөрсдөө асуудлаа шийдээд явах боломжтой гэдэг ийм хариулт өгсний дагуу Хавдар судлалын үндэсний төв Энэр мед эмнэлэгтэй уг 10 мянган метр квадрат талбай бүхий эмнэлгийн зориулалтын барилгыг Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн нэг хэсэг болгон ашиглах ийм урьдчилсан гэрээ хийсэн. Гэхдээ гэрээ одоогоор төсөвт ямар нэгэн мөнгө байхгүй байгаа учраас Энер мед эмнэлэгтэй гэрээ хийхдээ бид төсөвт мөнгө ортол үнэ төлбөргүй ашиглах буюу урьдчилсан байдлаар тухайн талбайг ашиглавал бид ямар, ямар үйлчилгээгээ оруулах вэ гэдэг ийм төлөвлөлтөө хийх, тэнд зохион байгуулалтын нэлээдгүй их ажил байгаа учраас тэр бүгд ажил явагдаж байгаа.
- Яг 2020 оны төсөвт үнэхээр энэ байшинг Хавдар судлалын үндэсний төв өргөтгөл байдлаар ашиглаад явбал хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ гэдэг талаар бид бас өөрсдөө үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, гарч байгаа зардал энэ бүх юман дээр суурилаад тооцоо хийсэн. Энд бол 19.3 тэрбум төгрөг үнэхээр хэрэгтэй. Энэ мөнгөний 6 тэрбум хүрэхгүй буюу 5.9 тэрбум төгрөг нь тэр шинэ барилга маань өөрөө тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил байхгүй байгаа учраас аливаа хүн шинэ орон гэр, байшин саванд ороход заавал тавилга, эд хогшил байдагтай адил бидэнд зайлшгүй ийм гарааны хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. Энэ бол 5.9 тэрбум төгрөг байгаа.
- Мөн Хавдар судлалын үндэсний төвийн урсгал зардалд нь 13 тэрбум орчим төгрөг байгаа. Энэ 13 тэрбум төгрөгөөс улсын төсвөөс 4.5 тэрбум төгрөг гарахаар байгаа юм. Бусад зардлууд нь жишээлбэл, 1.5 тэрбум төгрөгийг Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааны орлогоос бүрдчихээр, нөгөө үлдсэн мөнгөнүүд нь бол даатгалын санхүүжилтээр явчих боломжтой. Ингээд том утгаар нь яг төсөвт дарамт болж байгаа тоог нь аваад үзэх юм бол гарааны 6 тэрбумд хүрэхгүй мөнгө, дээр нь ажилчдын цалин, хөлс, эмийн зардал буюу 4.5 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах шаардлагатай харагдаж байгаа юм. Яг энэ төсвийн төсөлд байгаа эсэхийг би одоо хэлж мэдэхгүй байна.
2019-2020 он
Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хэлэлцэх үеэр 10 тэрбум төгрөг суулгаж, “Энэр мед” ХХК-ийн менежментийг ХСҮТ-д шилжүүлэхээр яригдаж байжээ. Үүнтэй уялдуулан хоёр тал гэрээ байгуулсан нь хожим Ж.Чинбүрэнгийн ярьснаар, тул төлбөр орж ирэх үйл ажиллагаагаа үнэ төлөхгүйгээр эхлүүлж байх урьдчилсан гэрээ байжээ. Гэвч энэ бүхэн хэрэгжээгүй, улмаар арбитрын шүүхэд хүрч шийдүүлэхэд 51 сая төгрөгийг “Ачлал трейд” ХХК-д төлөх шийдвэр гарч байв. Зах зээлийн ханшаар 2020.01-2020.07 хооронд түрээсийн төлбөр 2,7 тэрбум байх боломжтой байсан ба гэрээнд үл хөдлөх хөрөнгийн түрээс үнэгүй гэж заасанчлан энэ түрээсийн төлбөрийг нэхэмжлэхгүй гэж “Ачлал трэйд”-ийн зүгээс мэдэгдсэн байна.
2019.05.
“Энэр мед” эмнэлгийн барилгын ажил дуусч ашиглалтанд орсон байна
2018.09.12.
Засгийн газрын хуралдаанаар “Энэр мед” ХХК-ийн барьж байгуулж буй эмнэлгийн барилгыг ХСҮТ-ийн өргөтгөлд ашиглах нөхцөл байдлыг судлах үүрэг өгчээ. Энэ үед М.Билэгт УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн захирлаар Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл нар тус тус ажиллаж байв.
2018.02.05.
“Энэр мед” ХХК-ийн барилгыг гүйцэтгэгч “Ачлал констракшн” ХХК нь дотоод заслын ажлыг гүйцэтгүүлэхээр “Нэкст Натур” ХХК-тай гэрээ байгуулсан ба захирал Ж.Чинтулга нь ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнгийн төрсөн дүү байв. Гэрээт ажлын дүн 1.2 тэрбум төгрөг.
Гэвч удалгүй хоёр компанийн хооронд зөрчил гарч хоорондоо маргалдан шүүхдэлцсэн ба хоёр талаас гэрээгээ цуцалсан байна.
2017.12.19.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн, БСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгт албан бичгээр хандан “Энэр мед” эмнэлгийн барилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Концессын хуулийн 4.1.2 “Барих-шилжүүлэх” концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцлөөр төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх” гэж заасны дагуу дээрх нөхцлөөр тус ХСҮТ төв эмнэлгийн 2 дугаар корпус болгох боломжтой гэж үзэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх талаар зохих шийдвэр гарч хэрэгжсэн тохиолдолд энэ нь манай эрүүл мэндийн салбарын хувьд 36 жил үйл ажиллагаа явуулж байгаа ХСҮТ эмнэлгээ богино хугацаанд өргөтгөж өндөр хөгжилтэй орны эмнэлгийн барилгын стандартыг хангасан орчныг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр ашигтай хамтын ажиллагааны үр дүнд бий болгосон ажил төдийгүй ард иргэдэд үр өгөөжөө өгөх жишиг төсөл болох юм” гээд энэ боломжийг анхааралдаа авч туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүссэн байна.
2017.10.
“Энэр мед” эмнэлгийн барилгын гүйцэтгэл 60-70 хувь хүрэхэд “Ачлал трэйд” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас нэмж 15 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 36 тэрбум төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай (Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны №2017/75, Хөгжлийн банкны ТУЗ-ийн №75 тоот шийдвэрээр) авчээ. (Харин зээлийн тодорхой хувийг урьд нь Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрт шилжүүлсэн гэдгээ М.Билэгт Хөгжлийн банкны дуулианы үеэр хүлээн зөвшөөрсөн ба үүнийг хууль бус биш гээд “…Иргэдийн хавдрын оношилгоо, эмчилгээ авах боломжийг бүрдүүлэн 120 ортой 12 давхар А блок, 180 ортой 16 давхар Б блок, эмийн сан, эрүүл мэндийн судалгааны байгууламжаас бүрдэх эмнэлгийг байгуулах төсөл” гээд нийт өртөг нь 45.3 сая ам.доллар, үүний 10 тэрбумыг өөрөө хувийн санхүүгээсээ, таван тэрбумыг Худалдаа хөгжлийн банкны зээлээс санхүүжүүлсэн гэжээ.
2017 он
Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж ХСҮТ-ийн дэргэд ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулан 75 ажилтан түлхүүрээ гардан авсан тухай танилцуулав
2016.09.
Хавдар судлалын төвийн хашаанд баригдаж буй барилгын захиалагч нь “Ачлал Оточ” ХХК-ийн оронд “Энэр мед” ХХК (РД: 6105149) болов. Энэхүү компанийг “Ачлал групп” эзэмшдэг, эцсийн өмчлөгч Магваны Билэгт гэжээ.
2016.06.
“Ачлал трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Магваны Билэгт МАН-аас, Баянхонгор аймгийн иргэдээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
2016.04.04.
Монгол Улсын хэмжээнд хорт хавдарын эсрэг сайн санааны дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах гэсэн зорилготой “Элэг нэгт монголчуудын сан” ТББ (РД: 8206821) байгуулагджээ. Гүйцэтгэх захирал бөгөөд эцсийн өмчлөгч нь Жигжидсүрэн овогтой Чинбүрэн (2024.04.26-ны өөрчлөлтөөр), удирдах зөвлөлийн дарга: Лувсанбямбаа овогтой Мөнхбаясгалан (одоогийн УИХ-ын гишүүн), хувьцаа эзэмшигчээр дээр хоёроос гадна Раднаабазар овогтой Мөнхбат бүртгэгджээ.
2016.04.11-нд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга болж, удалгүй ХСҮТ-ийн ерөнхий захирлаар томилогджээ.
2015.10.13.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Тэрбишдагва нар Хавдар судлалын үндэсний төвд ажиллан, ажил байдалтай нь танилцаж, тулгамдаад буй асуудлуудын талаар удирдлагуудтай нь ярилцжээ. Үүнийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дараах байдлаар мэдээлжээ.
| Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга барих шийдвэр 2011 онд гарч, барилга угсралтын ажил эхэлсэн байна. 2013, 2014 онд санхүүжилт зогссон учир барилгын ажил явагдаагүй бөгөөд 2015 онд санхүүжилт хийж, барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа аж. Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 талбай бүхий барилга юм. Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдраар өвчлөгсдийн 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтний тал орчмыг л хамруулдаг туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэх аж. Мөн хэвтэн эмчлүүлэх 80 ор нэмэгдэж, үүний үр дүнд тус төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 30-40 хувиар нэмэгдэх юм байна. Нийт 4 блокоос бүрдэх барилгын хоёр блокын дотор заслын ажил явагдаж байгаа бол туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлуулах блокын цутгалтын ажил хийж байгаа юм байна. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2012 онд УИХ-ын соёрхон баталсан Австрийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдэхээр тусгасан. Тоног төхөөрөмжүүд гааль дээр ирсэн бөгөөд өргөтгөлийн барилгын ажлын санхүүжилтээс болж хүндрэл үүсээд байгааг тус төвийн захирал Л.Төмөрбаатар танилцуулав. Уг өргөтгөлийн барилгын нийт төсөв 5.597.4 сая төгрөг бөгөөд үүнээс 2.955.4 сая төгрөгийн санхүүжилт бүхий ажил гүйцэтгээд байгаа юм байна. 2015 онд 1.088.0 сая болон 2016 онд төсөвлөгдөх 1.554.0 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгах асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулав. Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа ХСҮТ-ийн барилгын өргөтгөлийн ажлыг УИХ дэмжинэ. Өнөөдөр тус төвийн удирдлагын зүгээс танилцуулсан зарим нэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана, тодорхой шийдэлд хүрэх боломжтой. Харин барилгын ажлыг хийж буй компани гүйцэтгэлээ бүрэн ханган ажиллаж байгаа тохиолдолд улсын төсвийг хэлэлцэх үеэр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болохыг гишүүд хэлж байв. Түүнчлэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох яамдын мэргэжилтнүүд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ХСҮТ-ийн удирдлагуудын уулзалт зохион байгуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар хэлэлцэх боломжтой гэлээ |
Үүнээс үзэхэд ХСҮТ-ийн хашаанд буюу дэргэд баригдаж байгаас эмнэлгийн барилга анхнаасаа ХСҮТ-ийн өргөтгөл гэж тооцогдож байсан бололтой.
2014.09.23.
“Ачлал трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Билэгт, “Каб мед” ХХК-ийн гүйцэтгэх Ж.Чинбүрэн шинээр баригдаж байгаа эмнэлэгт менежментийн багт шилжүүлэн өгөх нөхцлийг хангах агуулгатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэр үед Ж.Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Уг гэрээнд Ж.Чинбүрэнд сар бүр 10.000 доллар олгохоор тусгасан ба энэ 2015 оны зургадугаар сард хүртэд найман удаа олгоод “үр дүн гарахгүй байна” гэсэн шалтгаанаар гэрээгээ цуцалжээ.
2013 он
“Ачлал трэйд” худалдаж авсан суурин дээр эхлүүлсэн эмнэлгийн барилгын ажлын явц 30 хувьд хүрмэгц Худалдаа хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авчээ.
2011 он
Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хашаанд байсан гурван жил өнжсөн орон сууцны барилгын суурийг “Ачлал трэйд” ХХК (захирал Магваны Билэгт) худалдан авчээ. Удалгүй үргэлжлүүлэн барилга барьж эхэлсэн байна. Мөн зэргэлдээ байсан гараашуудыг газрыг нэмж худалдан авсан гэдэг.
2008 он.
Халдварт өвчин судлалын төвийн хашаанд хожим эмнэлэг болох барилгын суурь тавигджээ. 1996-2016 захирлаар нь Лувсансамбуугийн Төмөрбаатар ажиллаж байсан тул түүний зөвшөөрлөөр барьж эхэлсэн, бас худалдсан гэж ойлгогддог.
1998 он
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 1998 онд таван га газар эзэмшиж байжээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэр газарт орон сууцны хотхон, үйлчилгээний төв, оффис, гараашууд, мөн эмнэлэг баригджээ. Зөвшөөрлийг тухайн үеийн эмнэлгийн удирдлагууд олгосноос гадна өөрсөддөө газар авчээ. (Энэ талаар 2021 оны 3-р сарын 19-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус байгууллагад ажиллах үеэр сөхөгдөж алдагдсан газрын асуудлыг судалж шийдвэрлэнэ гэсэн байна)
