ӨНӨӨДРИЙН БАЙДАЛ
Агаарын бохирдол, утаа зөвхөн Улаанбаатарын асуудал биш болжээ. Аймгийн төвүүд ч гэсэн өвлийн хүйтны улиралд өглөө, үдшийн цагаар нийслэлийн гэр хорооллын адил дүр төрхтэй харагддаг. Тэдгээрийн нэг нь Өвөрхангай аймгийн төв -Арвайхээр хот юм. Баруун аймгууд руу яваа зорчигчид хажуугаар нь хэдэн км-ын зайтай өнгөрөхдөө үүнийг хардаг. Тэр утаа, тоосон дунд оршин суугаа аймгийн төвийн гуч гаруй мянган оршин суугчдын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал бол энэ мөнөөс мөн. Хүн амын тоо өсч, суурьшилын бүс нэмэгдэхийн хэрээр агаарт хүхэрлэг хийн агууламж, том ширхэгт тоосонцорын хэмжээ хэт ихэсч хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх түвшинд хүрчээ.
Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулдаг халаалтын зуухнуудын техник, технологи илт хуучирчээ. Утаа шүүх төхөөрөмж ашиглаж чадахгүй байна. Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүд нам даралтын зуухаар халаалтаа шийдвэрлэсэн хэвээр байна. Нөгөө талаас автомашины тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь агаарын бохирдолд нэрмээс болдог.
Арвайхээрийн агаарын бохирдлын эсрэг улс, орон нутгийн зүгээс 2010-аад оноос эхлэн янз бүрийн төлөвлөгөө боловсруулан арга хэмжээ төсөв мөнгө зарцуулж ирсэн байна.
Эдгээр арга хэмжээ үндсэн гурван чиглэлтэй бөгөөд одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлэх – Айл өрхүүд хэрэглэж эхлээд үр дүнд хүрээгүй учраас үйлдвэрлэхээ больсон.
Хоёрдугаарт, халаалтын зуухны янданд утаа шүүх төхөөрөмж суурилуулах – Оновчтой шийдэл болж чадаагүй бөгөөд үр дүнд хүрээгүй
Гуравдугаарт, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ байгуулах – Барилга байгууламжийн ажил эхэлсэн боловч одоогоор царцсан байдалтай байна.
2025 оны 2-р сар. Арвайхээр хотын агаарын байдал

2023-2024 оны өвөл. Арвайхээр хотын агаарын байдал

Өвөрхангай аймгийн төвд баригдаж байгаа Дулааны станцын ажлын явц
БНСУ-ын 14,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр дулааны станцын барилга, дулаан дамжуулах 11 төв, 9182 метр урт дулаан дамжуулах шугам сүлжээг 26 сарын дотор барьж ашиглалтад оруулахаар “Бьюксан инженеринг” компани 2022 онд гэрээ байгуулан ажлаа эхлүүлж 2024 оны намар, 11-р сард дуусах байв.
Гэвч барилгын суурийг барьж, 10 мВт хүчин чадал бүхий гурван зуухыг суурилуулснаас хойш дорвитой ажил хийгээгүй 2024 оны 11 дүгээр сарын 10-нд 41.5 хувийн тай ажил нь зогссон. Ажлын ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани төсөв хүрэхгүй, материалын татан авалт хийгээгүй гэх шалтгаанаар нэмэлт санхүүжилт нэхэн ажлыг зогсоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 7,496,886 сая долларын санхүүжилт олгосон байна. Одоогийн байдлаар 10 мВ хүчин чадалтай 3 зуухны угсралт дуусаж, усан шахалт хийх бэлтгэл ажил, цахилгааны барилгын дүүргэлт, өвөлжилтийн бэлтгэл ажилд бэлдэж зэврэх магадлалтай тоног төхөөрөмж, хэрэгслүүдэд зэврэлтээс хамгаалах түрхлэг хийгдсэн, зуухны зарим тоноглолуудыг дулаалж хучсан зэргээс өөр ажил хийгдээгүй гэж аймгийн холбогдох албаны мэргэжилтэн мэдээлэл өглөө.
Төслийн ерөнхий гүйцэтгэгч Бюксан Инженеринг ХХК, Эрчим хүчний яамтай үүсээд байсан төсөв санхүүгийн асуудал шийдэгдэж, төлөвлөгөө шинэчлэн боловруулж 10 аймгийн дулааны станцын төслийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн төвд баригдаж байгаа Дулааны станц төслийн гүйцэтгэлээс гадна түүнийг тойрсон нилээд хэмжээний ажлууд байгаагийн нэг хэсэг нь гадна цахилгаан хангамж, дэд бүтцийн ажил юм. Энэхүү гадна цахилгаан хангамж, дэд бүтцийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар 2024 онд 2 багц тендер шалгаруулсан
Багц:1-д “Эм Ай эс эс” ХХК 8,245,934,837 төгрөгөөр хийхээр шалгарч 2024 оны 05 сарын 05 сарын 30-ны өдөр УТ2403000711001 дугаар бүхий гэрээ хийгдсэн ч ажил нь эхлэлгүй 2024 он дууссан.
Багц:2-т “Юу зэт эрдэнэ” ХХК 1,060,000,000 төгрөгөөр хийхээр шалгарч 2024 оны 07 сарын 22-ны өдөр УТ2403000711002 дугаар бүхий гэрээ хийгдсэн ч мөн л ажил нь эхлэлгүй 2024 он дууссан бөгөөд одоогоор хүйтний улирал тул хавраас ажил нь эхэлнэ гэсэн тайлбарыг холбогдох албаны мэргэжилтэн өгч байна. Мөн 2024 оны төсөвт тавигдсан дулааны станцын цахилгаан хангамж, дэд бүтцийн 11 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 2 тэрбумыг энэ онд олгож, ажлыг үргэлжлүүлэх ажээ.
Мөн энэ 2025 оны улсын төсөвт Өвөрхангай аймаг ганцхан ажлын хөрөнгө оруулалтыг шинээр суулгасан нь Арвайхээр хотод баригдаж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээ, дэд бүтцийн ажил нийт 19,140,300,000 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаас энэ жил 5,742,100,000 мянган төгрөгийн санхүүжилтийг олгох бөгөөд 2025-2027 он хүртэл хийж гүйцэтгэх юм байна.
“Баянтээг түлш” ОНӨХХК-ийн шахмал түлшний үйлдвэр
Арвайхээр сумын гэр хорооллын айл өрхөөс гарах агаарын бохирдлыг багасгах зорилгоор Баянтээг ХК-ийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, тус үйлдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Баянтээг түлш” ХХК-ийг үүсгэн орон нутгийн өмчит бие даасан компани болгосон.
Тус компани нь 2021 оны 09 дүгээр сарын 15-нд Эрчим Хүчний Яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар техник эдийн засгийн үндэслэл батлагдаж сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа нь зуухны цех, цавуу үйлдвэрлэх цех, хэвлэх цех гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж нийт 28 ажилтан, 2 машин механизмтай үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2021 онд 462 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, Арвайхээр сумын 2 дугаар багийн 500 орчим айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлсэн.
“Баянтээг түлш” ОНӨХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт 2022 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2.0 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, тус санхүүжилтээр үйлдвэрийн олон үйлдэлт зуух, хатаалгын төхөөрөмжийн өргөтгөл, агуулахын байрны барилгын ажлууд хийгдэж дууссан ба туршилт тохируулгын ажлууд хийгдэж байна.
Шахмал түлшний үйлдвэрийн хөрөнгө оруулалтууд:
2019 он:
“Баянтээг” ХК” нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн шахмал түлшний үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт: “Баянтээг” ХК – 1,025,880,000 төг. Байгаль орчны яам – 400,000,000 төгрөг.
2020 он:
Барьцалдуулагч цавууны машин – 300,000,000 төг
Шахмал түлш хураах агуулах – 193,331,126 төг
| № | Хийгдсэн ажлууд | Хөрөнгө оруулалт | Гүйцэтгэл |
| 1 | Шахмал түлшний үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж /2019/ | 1,025,880,0000, | 1,196,780,000 |
| 2 | Хагас коксын зуух /2019/ | 400,000,000 | 229,100,000 |
| Нийт дүн | 1,425,880,000 | 1,425,880,000 | |
| 3 | Барьцалдуулагч цавууны машин, бусад /2020/ | 300,000,000 | 300,000,000 |
| 4 | Шахмал түлшний агуулах /2020/ | 193,331,126 | 193,331,126 |
| Нийт дүн | 493,331,126 | 493,331,126 | |
| Бүгд дүн | 1,919,211,126 | 1,919,211,126 |
2021 он:
Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлаар хийгдсэн ажлууд
| № | Нэрс | Хөрөнгө оруулалт /төг/ | Гүйцэтгэл /төг/ | Тайлбар |
| 1 | Техник эдийн засгийн үндэслэл, технолгийн туршилтын зардал | 35,000,000 | 35,000,000 | ТЭЗҮндэслэл- 18.07 сая ТТЗардал- 16.93 сая |
| 2 | Байгаль орчины нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ | 20,000,000 | 19,578,000 | |
| 3 | Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан | 4,300,000 | 4,300,000 | |
| 4 | Ажилчдын албан контор, ажилчдын хоолны газар, халуун ус ариун цэврийн байгууламж | 65,500,000 | 65,500,000 | 3-н удаа тендэр зарлаад аж ахуй нэгж ороогүй учир шууд гэрээ байгуулсан. |
| 5 | Үйлдвэрийн агааржуулалтын асуудлыг шийдвэрлэх | 18,000,000 | 17,840,000 | |
| 6 | Цардуул бутлагч худалдаж авах, суурилуулах | 20,000,000 | 19,870,000 | |
| 7 | Улаан-буудай үнэ, тээврийн зардал | 30,000,000 | 30,000,000 | |
| 8 | Түлш савлах уутны зардал | 10,000,000 | 10,000,000 | |
| 9 | Түлшний хэвлэгч бул нэмэлтээр суурилуулах | 35,000,000 | 8,290,000 | |
| 10 | Үйлдвэрийн үйл ажиллагааны зардал | 62,200,000 | 62,200,000 | |
| НИЙТ | 300,000,000 | 272,578,000 |
2022 он:
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжих 2.0 тэрбум төгрөгөөр хийгдэж буй ажлын явц.
| № | Ажлын нэр | Гэрээлсэн он сар өдөр | Гэрээлсэн дүн төгрөг | Гүйцэтгэл төгрөг | Үлдэгдэл санхүүжилт төгрөг |
| 1 | Шахмал түлшний үйлдвэрийн зуухны өргөтгөл, шинэчлэл | 2022.07.22 | 1,499,972,801 | 1,049,980,960 | 449,991,841 |
| 2 | Шахмал түлшний агуулахын барилга | 2022.06.09 | 473,565,329 | 331,495,730 | 142,069,598 |
| Нийт дүн | 1,973,538,130 | 1,381,476,691 | 592,061,439 | ||
2024 он
Орон нутгийн төсвийн 340.0 сая төгрөг
| № | Хөрөнгө оруулалт | Дүн |
| 1 | Автомашин | 20,000,000 |
| 2 | Трансформатор | 32,934,430 |
| 3 | Агуулах барих | 18,744,600 |
| 4 | Подоон | 3,075,000 |
| 5 | Сэрээт ачигч | 18,000,000 |
| 6 | Гэрэлтүүлэг | 3,688,300 |
| 7 | Үйлдвэрийн өргөтгөл, хатаалгын төхөөрөмж угсралт | 12,500,000 |
| 8 | Ажилчдын цалин, НДШ | 86,093,359 |
| 9 | Машин засвар, шатахуун | 10,585,099 |
| 10 | Улаан буудайын үнэ 38 тонн | 27,914,691 |
| 11 | Бусад | 4,603,110 |
| Нийт дүн | 238,138,589 | |
| Дансны үлдэгдэл | 101,861,411 |
Шахмал түлшний үйлдвэрт оруулсан нийт хөрөнгө оруулалт (2019-2024) – 4,403,465,845
Баянтээг түлш ОНӨХХК нь 2024 оны 9 сарын 1-ны өдрийн байдлаар Баянтээг ХК-д 908,965,692 төгрөгийн өртэй байна.
Арвайхээр хотын “Агаарын бохирдлыг бууруулах” хөтөлбөрт хийсэн үнэлгээний товч тайлан
(2022 он)
Өвөрхангай аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдаж, 3 жилийн хугацаатай хэрэгжих Арвайхээр хотын “Агаарын бохирдлыг бууруулах” хөтөлбөр баталсан ажээ.
Хөтөлбөрийн зорилго: Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоог багасгах, сөрөг нөлөөллийг бууруулах, дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, гэр хорооллын ахуйн хэрэглээнд, халаалтын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчилах замаар агаарын бохирдлыг бууруулж эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх. Энэхүү зорилгодоо хүрэхээр дараах 4 зорилтыг тавьсан байна.
Хөтөлбөрийн зорилт-1: Агаар бохирдуулагч томоохон эх үүсвэрүүдийн агаарын чанарт нөлөөлж буй сөрөг нөлөөллийг багасгах.
Хэрэгжилт, дүгнэлт:
- 2019 онд БОАЖ-ын сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/246 тоот тушаалаар агаарын бохирдол ихтэй аймгуудад 2 тэрбум төгрөг батлагдсанаас Өвөрхангай аймагт 400 сая төгрөг хуваарилсан байна. Энэхүү 400 сая төгрөгөөр “Хангамж өргөө” ХХК Арвайхээр сумын дулаан үйлдвэрлэгч 6 ААН-ийн 9 халаалтын зууханд усан шүүлтүүртэй яндан байршуулсан бөгөөд төсөв хүрээгүйн улмаас нэмэлтээр 58,5 сая төгрөг нэмж олгосон хэдий ч Баянтээгийн уурхайн нүүрсний чанарт нийцэхгүй тул одоогоор нэг ч халаалтын зуух ашиглахгүй орхисон байна. Энэхүү шүүлтүүрийг авахаас өмнө бодит тооцоо судалгаа хийгдээгүй, нүүрсний чанарт нийцэх эсэхийг судлаагүй, хариуцлагагүй хандсанаас төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байгаа нь харамсалтай.
- 2021 онд “Интеллигент технологи” ХХК Арвайхээр сумын 5-р багт байрлах “Хангамж орд” ХХК-ны халаалтын зууханд туршилтын шугамаар утааг ионжуулан шүүх төхөөрөмж суурилуулсан хэдий ч бас л шаардлага хангаагүйн улмаас ашиглахаа больсон. Мөн 2021 онд БОАЖЯ-ны санхүүжилтээр халаалтын зууханд хуурай утаа шүүгч төхөөрөмж суурилуулах тендер зарлаж Регал инженеринг ХХК нь шалгарч 624 сая төгрөгөөр Арвайхээр сумын 3 ААН-ийн 4 байршилд 8 ширхэг хуурай шүүлтүүр тавих ажил хийгдсэн ч мөн л одоо ашиглаж байгаа халаалтын зууханд тохирохгүйн улмаас ашиглахаа больсон. Дээрх усан болон хуурай ионжуулсан шүүлтүүр нь үр дүнгүй байгаа нь нэг талаас бодит тооцоо судалгаа байхгүйгээс гадна БОАЖ-ын яамнаас зарлагдаж байгаа нь орон нутагт дулаан үйлдвэрлэж байгаа ААН-үүдийн халаалтын зуухнуудын бодит байдал ямар байгааг мэдэхгүйгээр үл барам техник эдийн засгийн үндэслэлийг гаргахдаа ирж нөхцөл байдлын судалгааг нүдээр үзэж судалдаггүй байдал нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахад хүргэсэн гэж харж байна. Нөгөө талаас манай халаалтын зуухнууд нь чанарын шаардлага хангахгүй, хэт хуучирсан, дийлэнх нь босоо галлагааны зуухтай байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлээд зогсохгүй ямар нэг шүүлтүүр үр дүнгүй болоход нөлөөлж байна гэж мэргэжилийн хүн ярьж байна. Тиймээс шүүлтүүр тавихаас өмнө халаалтын зуухнуудын бүрэн бүтэн байдал, стандартад нийцэж байгаа эсэх зэргийг судалж мэргэжилийн түвшинд үнэлгээ дүгнэлт хийх шаардлага тулгарч байна. Мөн цаашид орон нутгийн дулаан үйлдвэрлэгч нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зуухыг хэвтээ болон шаардлагад нийцсэн зуухаар солих, сайжруулах талаар судлах хэрэгтэй.
Хөтөлбөрийн зорилт-2: Байгальд ээлтэй дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах.
Хэрэгжилт, дүгнэлт:
- 2019 онд БОАЖ-ын сайдын багцаас шийдвэрлэсэн 400,0 сая төгрөгийг Баянтээг ХК-ний нүүрсийг коксжуулж, био холбогчтой бүрэн шаталттай шахмал түлш үйдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаанд зарцуулахаар “Баялаг-Эрдэнэ цом” ХХК гүйцэтгэхээр шалгарсан байна. Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн хагас коксжуулсан нүүрс болон сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах ажилд нийтдээ 1,2 тэрбум төгрөгийн төсөв зарцуулсан бөгөөд 800 сая төгрөгийг “Баянтээг” ХК болон орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна. Үүний үр дүнд 2021 онд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар “Баянтээг түлш” орон нутгийн өмчит ХХК байгуулагдаж 28 ажилчин, 2 машин механизмтайгаар үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны ЭХЯ-ны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар ТЭЗҮ батлагдаж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд өнгөрсөн 2022 оны өвөл 462 тонн шахмал түлш үйлдвэрлэн Арвайхээр сумын Эмтийн 2 дугаар багийн 508 айл өрхөд шахмал түлшийг туршилтаар хэрэглээнд нэвтрүүлж, угаар мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд тус төхөөрөмжийг ОБГазар дээр хяналтын нэгдсэн системээр хянаж байсан байна. Арвайхээр сумын ЗДТГ-аас дээрх шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдийн санал бодлыг сонсоход 70 гаруй хувь нь үнс их гардаг, шаталт хурдан, дулаанаа барьдаггүй, илч муутай, цогшдоггүй болохоор дахин дахин галлахаас өөр аргагүйд хүрдэг гэх зэрэг шүүмжлэлтэй хандаж байсан байна. Харин үлдсэн 30-аад хувь нь хөө тортог багатай, нүүрсийг бодвол илчлэг бага зэрэг буурсан ч хэрэглэхэд цэвэрхэн утааны өнгө хамаагүй шингэрсэн гэж ярьцгааж байна. Мэргэжлийн хүнээс сайжруулсан шахмал түлшний технологийг судалж үзэхэд түүхий нүүрсийг дахин боловсруулж улаан буудай, шар шавраар барьцалдуулдаг болохоор 100% байгалийн нүүрсийг бодвол илчлэг багассан ч шаталт сайн тул утаа, хөө тортог багатай, харин шахмал түлш шатаж дуусахад шар шавар нь шороо болоод үлддэгээс үнс их гардаг гэж хариулж байна. Энэ нь нэг талаас үнс их гардаг, түүхий нүүрсийг бодвол 1 дахин их хэрэглэх шаардлага тулгарч байгаа хэдий ч утаа, хөө тортог багассан нь давуу талтай ажээ. Нөгөө талаас илчлэг буурснаас өртөг нэмэгдэж байгаа ч эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь багасаж байгааг харуулж байна. Хэдийгээр эдийн засгийн хувьд шахмал түлшний өртөг түүхий нүүрснээс илүү байх ч утааны хор нөлөөнөөс эрүүл мэндээ алдвал ирээдүйд түүнээс ч илүү эдийн засгийн хохирол амсах магадлалтай гэж харж байна. Тус шахмал түлшний үйлдвэр нь цагт 30тн буюу хоногт 300тн шахмал түлш үйлдвэрлэх тооцоолол хийгдсэн бөгөөд үйлдвэр хэвийн ажиллаж эхэлснээр Арвайхээр хотын хатуу түлшний хэрэглээ 80%-иар багасна гэж тооцоолсон ажээ. Гэсэн хэдий ч 2021 онд зөвхөн 462тн шахмал түлш үйлдвэрлэж иргэдэд түгээсэн бөгөөд чанарын шаардлага хангаагүйн улмаас одоог хүртэл дахин хэрэглээнд нэвтрүүлээгүй бөгөөд 2022 онд шахмал түлшний үйлдвэрт дахин Эрчим хүчний яамны сайдын багцаас 2 тэрбум төгрөг шийдвэрлүүлж, хөрөнгө оруулалт хийгдсэн боловч одоог хүртэл ажил нь дуусаагүй хэвээр байна.
Хөтөлбөрийн зорилт-3: Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, газар зохион байгуулалттай уялдуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар тоосжилт, бохирдлыг бууруулах.
Хэрэгжилт, дүгнэлт:
- 2020 онд 182 айлын хаус хорооллын төслийг эхлүүлж, 2021 онд шинээр хаус хороололд халаалтын зуух баригдсан байна.
- Азийн хөгжийн банк болон орон нутгийн төсвийн 480 сая төгрөгийн санхүүжилтээр “КА-9100-МОН” төслийн хүрээнд “хөрсөнд үл нэвтрэх ариун цэврийн байгууламж”-ийг 2020 онд Арвайхээр сумын 13 багийн хэмжээнд 280 өрхөд, 2021 онд Дайргын голд 3 ширхэгийг байршуулсан байна.
- БОАЖЯ-наас хуваарилсан хуванцар нягтруулах төхөөрөмжийг “Цэмцгэр” төвд хүлээлгэж өгсөн. Төхөөрөмж хүлээж авсанаас хойш 5 тн хоёрдогч түүхий эдийг бэлтгэн нийлүүлсэн байна.
Дээрх зорилтын хүрээнд хийсэн ажлууд нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний тус дэм болж байгаа нь талархууштай. Агаарын бохирдол гэхээр л бид утаа ярьдаг ч агаарын бохирдол үүсгэж буй хүчин зүйлийн нэг нь тоосжилт, хөрсний бохирдол, хог хаягдал, авто машины утаа зэргээс үүдэж байгаа юм. Аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэг нь салхины дээр байрладагаас зарим үед хог шатаж утаа нэмэгдүүлэх, үнс хог хийсэж тоосжилтийг нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг болж байна. Мөн сүүлийн үед автомашины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ч бас агаарын бохирдолд нөлөөлж байна.
Хөтөлбөрийн зорилт-4: Агаарын бохирдлыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, агаарын чанарын хяналт, шинжилгээний ажлыг өргөжүүлэх.
Хэрэгжилт, дүгнэлт:
- Арвайхээр хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байгууллагуудыг шалгаруулж, олон нийтэд сурталчилах, сургалт, сурталчилгаа, уралдаан тэмцээн, гарын авлага зэргээр дамжуулан олон нийтэд экологийн боловсрол олгосон талаар хөтөлбөрийн биелэлтийн тайланд дурдагдсан байна. Харин эдгээр ажлуудтай холбоотой гарсан удирдамж, хөтөлбөр, тайлан мэдээлэл, гарын авлага, оролцогчдын бүртгэл зэрэг нотлох баримт олдоогүй.
- Чех улсын “People in need Mongolia” төслийн багтай хамтран гаднах орчны агаарын бохирдлыг хэмжих IQAir багажийг ЕБ-ын 2 дугаар сургууль, Арвайхээр сумын ЗДТГ-ын гадна, дотор орчны бохирдол хэмжих 1 багажийг БОЭТ-ийн дотор суурилуулж агаарын чанарын хяналт шинжилгээний цэгийг өргөтгөсөн талаар мэдээлэл байгаа ч одоогоор хэрэгжиж байгаа зүйл нэгээхэн ч байхгүй.
- 2020 онд орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эрх шилжүүлж хуваарилсан санхүүжилтээс 4 425 000 төгрөгийн гэрээг “Бат ахим аженси” ХХК-тай гэрээ байгуулан ”Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн агаарын чанарын судалгааны хаягдал утааны хэмжилт хийх Testo 350, агаар дахь тоосонцор хэмжигч Dusttrak model 8530 багажуудыг тохируулга үйлчилгээнд хамруулсан бөгөөд одоо энэхүү төхөөрөмжөөр Арвайхээр хотын агаарын чанарыг хэмждэг байна.
ҮЙЛ ЯВДЛЫН ЦАГЛАБАР
2022 он.
2022 онд Арвайхээр хотод БНСУ-ын 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 30 Гкал/цаг-ийн хүчин чадалтай дулааны станцын барилга, дулаан дамжуулах 11 төв, 9182 метр урт дулаан дамжуулах шугам сүлжээг 26 сарын дотор буюу энэ намар барьж ашиглалтад оруулахаар БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани 2022 онд гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн ч 10 мВт хүчин чадал бүхий гурван зуухыг суурилуулснаас хойш дорвитой ажил хийгдээгүй байна. Ажлын ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани төсөв хүрэхгүй гэх шалтгаанаар нэмэлт санхүүжилт нэхэн 42%-ийн гүйцэтгэлтэйгээр ажлаа зогсоосон байна.
2021.12.20.
Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Гүнсэнхорол:
–Арвайхээрийн агаарын бохирдлыг бууруулахаар хэд хэдэн ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Арвайхээрийн агаарын бохирдол гэнэт үүсээгүй, сүүлийн арваад жилийн турш яригдаж байгаа асуудал. Энэ хугацаанд утааг бууруулах чиглэлээр хөрөнгө мөнгө төлөвлөж, зохион байгуулалтын арга хэмжээ авсан ч тодорхой үр дүн гарахгүй байсаар байна.
Агаар бохирдуулагч эх үүсвэр, шалтгаан, нөхцөлийг тогтоож, түүнд тохирсон арга хэмжээ авахын тулд мэргэжлийн байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа хийсэн байдаг. Үүнээс харахад 60 хувь нь гэр хорооллын утаанаас, 30 гаруй хувь нь төвийн хэсгийн уурын зуухнуудаас, үлдсэн хувь нь автомашин, бусад эх үүсвэрээс үүсч байгааг тогтоосон. Тиймээс аль аль талын асуудлыг зэрэг анхаарч, арга хэмжээ авахгүй бол үр дүн гарахгүй гэж үзэж байгаа.
Гэр хорооллын утааг бууруулахын тулд “Баянтээг түлш” ОНӨХХК, Арвайхээр сумын ЗДТГ хамтран нэг багийг сонгож аваад шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Хоёрдугаар багийн 508 өрх шахмал түлш хэрэглэж байна. Тухайн айлуудад угаар мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж, аюулгүй, хэвийн ажиллагааг хангах зааварчилгаа өгч, Хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэн хянаж байна. Уг төхөөрөмжийн мэдрэгч нь угаарын хий нэмэгдэх, аюултай түвшинд хүрэхэд дуут дохио гаргаж, тухайн айлын хаяг байршил, холбогдох мэдээллийг Онцгой байдлын газарт байрлаж буй хяналтын төвд илгээн аюулгүй ажиллагааг хангах юм.
Мөн дулааны станц барьж ашиглалтад ортол обьектын уурын зуухнуудын утааг багасгахад анхаарах ёстой. Арвайхээрт найман ААН-ийн 13 том оврын халаалтын зуух ажиллаж байна. Байгаль орчны сайдын багцаас хөрөнгийг гаргаж, эхний ээлжинд дөрвөн халаалтын зуухны найман янданд уутат шүүлтүүрийг туршилтаар тавьж эхэлсэн. Энэ шүүлтүүр нь утаа тортгийг 90 гаруй хувиар бууруулах хүчин чадалтай, дэвшилтэт технологи юм. Дээрээс нь сүүлийн үеийн шинжлэх ухааны ололттой талыг ашиглан утааг ионжуулан шүүх төхөөрөмжийг суурилуулахаар судалж байна. Уг төхөөрөмж нь яндангаас агаарт цацагдах тоосонцрыг стандартаас 20 гаруй хувиар багасгаж, утааг 99.3 хувиар шүүх хүчин чадалтай, оюуны өмчийн патенттай юм билээ. Оруулж ирж байгаа компанитай нь холбогдон мэдээлэл авч, аймагтаа нэвтрүүлэхээр ярилцсан. Эдгээр ажлын үр дүнд Арвайхээр хотын агаарын бохирдол тодорхой хэмжээнд багасна гэж тооцож байна.
-Шахмал түлшний чанар хэр байгаа вэ? Шахмал түлшээрээ нэг багийг биш нийт айл өрхөө хангаж хүрэлцэхгүй байсан юм болов уу?
-Баянтээгийн уурхайг түшиглэн байгуулсан Шахмал түлшний үйлдвэрийг бариад хоёр жил болж байгаа ч техник эдийн засгийн үндэслэлийг нарийн гаргах ёстой гэдэг шаардлагын дагуу дахин боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр 9 сард батлуулсан. Цаашид үйлдвэрийг үе шаттайгаар өргөжүүлнэ.
Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Баянтээг түлш” ОНӨХХК-ийг байгуулж, нийт 28 ажилтантайгаар шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Арвайхээр сумын нэг өрхийн шахмал түлшний жилийн хэрэглээ 2.4 тонн, нийт 7600 өрхийн жилийн хэрэглээнд 18240 тн түлш шаардлагатай болно. Энэ жилийн хувьд 800-1000 тн шахмал түлш үйлдвэрлэж, Арвайхээр сумын 2, 7 дугаар багийн 500 өрхийн жилийн хэрэглээг хангах юм. Тус аж ахуйн нэгжээс Арвайхээрт агуулах болон борлуулалтын цэгийг байгуулж, ямар нэг нэмэлт өртөггүй, үйлдвэрийн үнээр сонгосон багийн айл өрхүүдэд нийлүүлж байна.
-Дулааны станц барих ажил аль шатанд яваа вэ?
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арван аймагт дулааны станц барих төсөл 2024 он хүртэл үргэлжилнэ. Тендер шалгаруулалтын ажлыг Эрчим хүчний яаманд 2019 оноос эхлүүлж, хоёр удаа зарласан ч төсөвт өртөгтөө багтаагүй, оролцогч компаниуд ковидын цар тахал, хөл хориотой холбоотойгоор техникийн нөхцөлөө судалж чадаагүй гэх шалтгаанаар хүчингүй болсон. Гурав дахь удаагаа 2021 оны 6 дугаар сард тендер зарлаад 9 дүгээр сарын дундуур нээсэн. Олон улсын тендер учраас удаан хугацаанд зарлагддаг.
Ингээд арван аймгийн хэмжээнд төслийг багцалж, техникийн үзүүлэлтийг бууруулах зэрэг арга хэмжээ авсны дагуу Өвөрхангай аймагт хоёр компани оролцож, Эрчим хүчний яам, төсөл хэрэгжүүлэх нэгжээс ажлын хэсгүүд үнэлгээ, дүгнэлтийг хийгээд БНСУ-ын хөрөнгө оруулагч тал болох компанид саналаа хүргүүлээд байна. Энэ ажил одоогоор гэрээний хэлэлцээрийн шатанд явна. Дулааны станц барьснаар агаар бохирдуулагч хүчин зүйлийн 40 хувь буурна гэж үзэж байгаа юм.
-Дулааны станц барихтай холбоотойгоор бэлтгэл ажлыг хэр хангаж байна?
-Нэгдүгээр хэлхээний шугам, дулаан дамжуулах төвүүдийг Дулааны станцад холбох, хоёрдугаар хэлхээний шугам сүлжээг шинэчилж, сайжруулах ажил хийнэ. Дулаан дамжуулах төвүүдийг одоо байгаа халаалтын зуухнуудаа түшиглээд барина. Ямар нэг газар чөлөөлөх ч юмуу, газрын маргаантай асуудал Өвөрхангай аймагт байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар хэлхээний шугам сүлжээг ч гэсэн хамгийн боломжтой хувилбараар ярилцаад зураг төслүүдээ хийчихсэн.
Үндсэндээ дулааны станцын ажил орон нутгаас шалтгаалж гацсан юм биш. Хөрөнгө оруулалт шийгдэгдээд, гүйцэтгэгч компани шалгарчихвал ажил эхлэх бүрэн боломжтой.
2021 он:
“Интеллигент технологи” ХХК Арвайхээр сумын 5-р багт байрлах “Хангамж орд” ХХК-ны халаалтын зууханд туршилтын шугамаар утааг ионжуулан шүүх төхөөрөмж суурилуулсан хэдий ч бас л шаардлага хангаагүйн улмаас ашиглахаа болисон. Мөн БОАЖЯ-ны санхүүжилтээр халаалтын зууханд хуурай утаа шүүгч төхөөрөмж суурилуулах тендер зарлаж Регал инженеринг ХХК нь шалгарч 624 сая төгрөгөөр Арвайхээр сумын 3 ААН-ийн 4 байршилд 8 ширхэг хуурай шүүлтүүр тавих ажил хийгдсэн ч мөн л үр дүн гараагүй.
2021.02.09.
Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаас “Баянтээг түлш” ХХК байгуулах шийвэр гарч 28 ажилчин, 2 машин, механизмтайгаар үйл ажиллагаа эхэлжээ. сэн байн. Энэ нь хагас коксжуулсан нүүрс болон сайжруулсан түлшний үйлдвэр бөгөөд анхны жилдээ 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж 462 тонн шахмал түлш үйлдвэрлэн Арвайхээр сумын Эмтийн хоёрдугаар багийн 508 айл өрхөд түлшийг туршилтаар хэрэглээнд нэвтрүүлжээ. Гэхдээ үр дүнгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Түүнээс хойш жил бүр улс, орон нутгийн төсвөөс санхүүжилт хийгдэж байгаа хэдий ч одоог хүртэл хэрэглээнд нэвтрүүлээгүй байна
2019.07.02.
Өвөрхангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийг 2019-2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөв. Үүнд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн “Баянтээг түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахаар шийдвэрлэжээ
2019.06.03.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/246 тоот тушаалаар агаарын бохирдол ихтэй аймгуудад хоёр тэрбум төгрөг батлагдсанаас Өвөрхангай аймагт 400 сая төгрөг хуваарилсан байна. Энэхүү төсвөөр “Хангамж өргөө” ХХК Арвайхээр сумын дулаан үйлдвэрлэгч 6 ААН-ийн 9 халаалтын зууханд усан шүүлтүүртэй яндан байршуулсан бөгөөд төсөв хүрээгүйн улмаас нэмэлтээр 58,5 сая төгрөг нэмж олгосон хэдий ч Баянтээгийн уурхайн нүүрсний чанарт нийцэхгүй тул нэг ч халаалтын зуух ашиглахгүй орхисон.
2015.12.18.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн:
-Өвөрхангай аймаг агаарын бохирдол ихтэй. Ялангуяа аймгийн төв Арвайхээр хот агаарын бохирдол ихтэй байна. Гурван үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, бидний өргөн хэрэглэдэг Баянтээгийн нүүрс тортог ихтэй. Хоёрдугаарт, дулааны станц байхгүй. Хувийн уурын зуух голлож байна. Аймгийн төвийн бүсэд гэхэд 16 уурын зуух галлаж байна. Гуравдугаарт, гэр хороолол төвийн бүсэд түрээд ороод ирчихсэн. Үүнтэй холбоотой агаар бохирдож байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулааны нэгдсэн шугамд холбогдож уурын зуухны тоог багасгах, мөн гэр хороололд утаагүй зуух хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд анхаарал хандуулж байна. Мөн нүүрс боловсруулах технологи нэвтрүүлэх хэрэгтэй байна.
-Нүүрс боловсруулах технологийн төлөвлөгөөгөө боловсруулсан юм уу?
-Одоогоор төлөвлөгөө боловсруулсан зүйл алга. Гэхдээ нийт нүүрсийг 100 хувь гэж үзвэл түүний 70 хувь нь нүүрс, 30 хувь хог шороо чулуу байгаа юм. Үүнийг ангилж угаах хэрэгтэй.

Энэхүү мониторингийн мэдээлэл баримт цуглуулах, үйл явцыг судалж дүгнэлт хийх ажлыг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан (ЛЭОС)-гийн Өвөрхангай аймгийн салбар зөвлөнгийн тэргүүн Ц.Ганцэцэг хийж гүйцэтгэв





