“Тэнгэрийн тойрог” төсөл


Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хот хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэл, дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, агаарын бохирдол зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байгаа. Эдгээрийг  шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам бол хотын төв хэсэгт шинээр барилга барихыг хязгаарлах, гэр хорооллыг барилгажуулах, ялангуяа дэд төвүүдийг хөгжүүлэх явдал гэдэгтэй бүгд санал нийлдэг. Тэгсэн атал сүүлийн жилүүдэд нийслэлийн болон төр, засгийн удирдлагын авч хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа зарим томоохон хөрөнгө оруулалт нь эсрэгээр буюу асуудал, бэрхшээлийн шалтгааны арилгах бус, үр дагаврыг аргалах зорилготой байна. Үүний жишээ бол “Тэнгэрийн тойрог” нэртэй төсөл юм.

Эхний ээлжинд уг төслөөр бол хойгуураа Их тойруу, хоёр талаараа баруун, зүүн замаар дайруулан, урдуураа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 120 мянгатыг дайруулан 6-12 м өндөрт нийт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, нийт 27 орох, гарах цэг бүхий гүүрэн авто зам тавигдана.

Энэ төсөл хэрэгтэй юу? Нийслэлийн төв хэсгийн замын түгжрэлийг бууруулах эсэх тухайд олон талын мэргэжлийн байгууллага, хүмүүсийн албан ёсны нэгдсэн дүгнэлт гараагүй, иргэд, олон нийтийн оролцоотой яриа, хэлэлцүүлгийг огт өрнүүлээгүй юм. Гэтэл нийслэлийн удирдлага авто замын компаниудын нөлөөнд автаж, тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан, одоо УИХ-ын гишүүн болсон С.Амарсайхан өөрийн биеэр танилцуулга хийж сурталчилсан төдийгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж амжаад байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар байгаа нь Улаанбаатар хотын 5-6 жилийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээнээс давна. Гэтэл төсөвт дарамт учруулахгүй, яагаад гэвэл гадаадын зээлийн хөрөнгө, концессийн гэрээгээр хэрэгжүүлнэ хэмээн сурталчилдаг. Ингэхдээ нэг тээврийн хэрэгслээс км тутамд 15 цент буюу нэг удаад дунджаар нэг ам.долларын хураамж авч зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, уг зээлийг эцсийн дүндээ уг замаар төлбөртэй зорчих нийслэлчүүд халааснаасаа, хэрвээ зардлаа нөхөж чадахгүй бол хэдэн жилийн дараа улсын төсвөөс төлөх нь ойлгомжтой юм.

Төслийн хоёрдугаар ээлжинд дахиад 36 км давхар автозамыг 2,7 тэрбум доллараар барих тооцоогоо одоохондоо ярихгүй байна.

Уг төслийг олон нийт хүчтэй шүүмжилж байгаа болно. Хэрвээ уг төсөл хэрэгжвэл хотын төв хэсгийг агаараар босгосон төмөр бетон замаар хэрж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг нь бүрмөсөн эвдэнэ тэд эсэргүүцдэг.  

.Одоохондоо төсөл хараахан батлагдаагүй, төслийн ажил эхлээгүй, ямар нэгэн ажил явагдаж харагдахгүй байгаа ч боловч түүнийг санаачилсан “Хотын зам” ХХК (захирал Б.Атарбаяр) тэргүүтэй авто замын хэсэг компани Монголын автозамчдын холбоогоор дамжуулан маш хүчтэй лобби хийж байна энд тэндээс төсөв мөнгө зарцуулаад эхэлснийг үйл явдлын өрнөлөөс харж болно.


“Тэнгэрийн тойрог”-ийн танилцуулга


ТЭНГЭРИЙН ТОЙРОГ төслийн үйл явдлын ЦАГЛАБАР


2020.09.05.

“Тэнгэрийн зам” төслийн удирдагч Б.Атарбаяр

-Хөрөнгө оруулалтын тал дээр Холбооны Герман улсын иргэд, аж ахуйн нэгжүүд байгаа. Энэ бол Засгийн газрын нэг удаагийн хуралд … бид нар оролцож манай германы төлөөлөгч нар ирээд хоёр жилийн өмнөөс зохих түвшиндээ ойлголцоод явсан. Бид нар хамгийн сүүлчийн байдлаар сая өнгөрсөн гурван сард Засгийн газрын хуралдаанаар үндсэндээ шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. Эцсийн гэрээний шатандаа хараахан очоогүй байна.(“Ийгл” телевизийн мэдээллийн хөтөлбөр)


2020.08.20. 

УИХ-ын ээлжит бус чуулганы энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар танилцуулахдаа гэр хорооллын хэсэг рүү дүүжин тээвэр барина, харин Улаанбаатар хотын баруун, зүүн захыг соронзон (цахилгаан соронзон замаар явах) тээврээр холбоно гэж мэдэгдсэн байна.  


2020.03.16.

Олон нийтийн дунд “Тэнгэрийн зам” төслийн талаар хүчтэй шүүмжлэл өрнөсний дараа “Хотын зам” компанийн захирал Б.Атарбаяр хэвлэлийн хурал хийж уг төслийн өмнөөс дараах мэдэгдлийг тараав


2020 оны 3-р сар

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тэнгэрийн зам” төсөл болон Засгийн газрын хуралдаагаар хамт хэлэлцсэн “Дүүжин тээвэр” төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэй сурталчилгаа өрнөв.

2020.03.11.

Засгийн газрын хуралдаанаар “Дүүжин тээвэр” ба “Тэнгэрийн тойрог” гэсэн хоёр төслийг хэлэлцжээ.

Хуралдааны дараа Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан дараах танилцуулгыг хийсэн байна. Үүнд

Нэг. 

Монгол Улсын Үндэсний хөгжлийн газрын “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд нийслэлийн А бүсэд зам барих асуудлыг шийдлээ. Тэнгэрийн тойрог зам нь 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй байх юм. Уг гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг давхар ашиглах бололцоотой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс нэг ам.доллар буюу км тутамд 15 центийн хураамж авч зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө гэсэн тооцоо гарсан байна. Энэ зам нь Сансарын аюулгүйн тойрог – Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Хан-Уул дүүрэг – Нарны гүүр – Баруун дөрвөн зам – Гэсэр сүм – 100 айл гэсэн тойргоор холбогдоно.  Замын нэг онцлог нь Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө авахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ.  Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот бүтэн нэг тойрог замтай болно. Энэ бол авто замын төсөл.

Хоёр. 

Хоёр дахь төсөл нь дэлхийн олон оронд ашиглагддаг дүүжин тээврийн төсөл. Ийм төсөл өмнө нь манайд хэрэгжиж байгаагүй. Уг дүүжин зам нь Монгол Улс болон Олон улсын ассоциац хоорондын санхүүжилтийн хэлэлцээрээр соёрхон батлагдсан зээлийн хүрээнд хийгдэхээр болсон. Нийтдээ 40 жилийн хугацаатай, 60.7 сая еврогийн өртөгтэй бөгөөд жилийн нэг 0.076 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 12 жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээл юм. 

Дүүжин замын маршрут нь Баянхошууны уулзвар – Ханын материал – 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл нийтдээ 4 .9 км зам байх юм. Энэ замаар өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ. Хугацаа 16 минут, буудал хооронд 1.6-6 км байхаар төлөвлөгдөж байна. Уг зам нь нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрлийг бий болгоно.

Улаанбаатарт газрын асуудал хүнд болсон учраас энэ хоёр зам хоёулаа өндөрт баригдана. Цамхгийн өндөр 22-110 м, хоорондын зай нь 250-700 м, зогсоол хоорондын зай 2-6 км бөгөөд нэг кабинд 8-10 зорчигч тээвэрлэнэ.

Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар яг ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй.  


2016.10.

Анх Монголын автозамчдын холбооны сайтад энэ тухай мэдээлэл гарсан юм.