Бидний зүгээс эдгээр сайт, платформуудын агуулгыг нэгтгэн судалж, цэсүүдээр орж, нэг ёсондоо “булан тохой бүрээр шагайж” үзээд дараах дүгнэлтийг хийж болохоор байна.
-Өнөөдөр төрийн мэдээллийн бүх эх сурвалж үндсэндээ цахим болсон ба үйл явдлын мэдээлэл, тайлбар дүгнэлтийг өргөн нэвтрүүлэг, нийгмийн сүлжээгээр тасралтгүй хүлээн авч байна.
-Улс орон нутгийн төсөв, түүний төлөвлөлт, хэлэлцүүлэг, гүйцэтгэл үр дүнгийн талаар албан ёсны эх сурвалж болох цахим сайт, платформууд олон ажиллаж байна. Тэд төсөв, санхүүгийн мэдээллийн янз бүрийн чиглэлээр төрөлжсөн, эсвэл салбар, байгууллагын агуулгатай, зарим нь тусгайлан иргэдэд зориулсан байдаг. Албан ёсоор зарласан зорилго, агуулгыг бүрэн хангаж чадахгүй байх нь элбэг.
-Хэрвээ энэ бүгдийг ашиглаж чадвал янз бүрийн мэдээлэл олж авах боломжтой ч тухайн иргэн, сэдэв, төрөл, орон нутаг, цаг хугацаа зэрэг хэрэгцээ шаардлагад нийцсэн тоо, баримт, өгөгдлийг олж авахын тулд ихээхэн цаг хугацаа зарцуулах шаардлагатай, эсвэл огт боломжгүй байна.
-Төсөв, санхүүгийн бодитой мэдээллийн хажуугаар эсвэл бүр оронд нь ерөнхий статистик, танилцуулга, сурталчилгаа, үйл явдлын мэдээлэл хэт давамгайлж байна.
-Мэдээллийг цаг хугацаанд нь оруулдаггүй учраас ихэнх мэдээлэл нь хуучирсан байдаг. Тоо, баримт, мэдээллийг нэг удаа ил тод болгоод орхих бус, үйл явцыг буюу гарч байгаа өөрчлөлтийг үргэлж тусгаж мэдээллийг байнга шинэ байлгах нь хэрэгтэй. Ил тод болгох ба ил тод байлгах хоёр ялгаатай.с
-Задаргаа, задаргаа, задаргаа. 2024 оны УИХ-ын намрын чуулган дээр дараа жилийн төсвийн төслийг хэлэлцэх явцад хамгийн эрхэм гишүүд төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын задаргааг нэхэж, үүнээс болж ихээхэн маргаан мэтгэлцээн өрнөж байлаа. Төдөн тэрбум тэдэн сая төгрөг гэх мэтээр бичсэнийг бодоход ямар нэгэн зардлын тоонуудыг нэмж байгаад гаргасан байж таарна, гэтэл төсвийн төсөлд ч, мөн цахим сайтуудад бүхэл дүнгээрээ байна. Алдагдалтай, алдагдалгүй батлагдсан төсөв ч гэсэн хэвээр. Энэ бол тухайн төсвийг ил тод, болгохыг хүсэхгүй нууцалж буйн нэг хэлбэр гэж үзэж байна.
-Өнөөдөр төсвийн төсөл ба батлагдсан төсвийн албан ёсны бичилтийг задалж дэлгэрэнгүй болгох шаардлагатай. 10-20 жилийн өмнө бага хэмжээтэй, цомхон байсан төсөв өнөөдөр хэд дахин нэмэгдсэн байтал бичилт нь хураангуй буюу задараагүй хэвээр байна. Урьд нь бүх юм цаасаар байсан бол одоо бүгдээрээ цахим болсон тул багтахгүй гэх асуудал үгүй болжээ. Бусад улс оронд төсвийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийн тулд тэргээр түрж авчирч харагддаг бол манайд Сангийн сайдын цүнхэнд багтдаг хэвээрээ.
-Сүүлийн үед төрийн байгууллагуудын мэдээллийг нэг орон зай буюу сайт, платформд нэгтгэх хэд хэдэн оролдлого гарсны нэг нь Шилэн ажиллагааны shilen.gov.mn юм. Хэрвээ Шилэн дансны нэгдсэн систем – shilendans.gov.mn-д байгууллагуудын мэдээллийг тодорхой аргачлал, ангилллын дагуу цуглуулж нэгтгэдэг бол энэ сайтад цуглуулахын тулд цуглуулдаг гэж хэлж болно. Үр дүнд юу болсон бэ гэвэл байгууллагууд эхэндээ мэдээллээ оруулж байсан ч яваандаа эрч нь суларсаар зогсонги байдалд орсон нь ажиглагдсан. Дүгнэлт хийж үзэхэд төрийн байгууллагуудын мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэх гэж оролдох нь тухайн байгууллагуудын хувьд хэрэгжүүлэхэд түвэгтэй, хэзээ ч бүрэн цуглардаггүй бөгөөд өөрсдийнх нь цахим сайтын ач холбогдлыг бууруулдаг. Иймд төрийн байгууллагуудын мэдээлэл тус тусын сайт, платформ дээрээ байх нь илүү үр дүнтэй. Харин энэ бүгдийг эмх цэгцтэй нэгтгэн харуулдаг тийм платформ, интерфэйсийг бий болгох шаардлагатай.
-Төрийн, ялангуяа төсөв санхүүгийн мэдээллийн сайт платформуудад тухайн мэдээлэл бүрэн орсон эсэхийг мэдэх боломжгүй нь хамгийн том асуудал юм. Жишээлбэл, шилэн дансны нэгдсэн системд иргэд, олон нийт, судлаачид, хэвлэл мэдээллийнхний хамгийн их сонирхдог 5 сая төгрөгөөс дээшхи орлого, зарлагын гүйлгээ бүрэн орсон эсэхийг мэдэх арга огт байхгүй. Мөн төсөв санхүүтэй холбоотой шийдвэр буюу тушаал, тогтоол, захирам зэргийг жагсаалтаар нийтэлдэг ч маш их алгасдаг. Хэрвээ бүх мэдээллийг үргэлж бүрэн оруулахад түвэгтэй бол үүнийг хялбарчлах арга бол эхлээд зөвхөн жагсаалтыг бүрэн оруулах явдал юм. Тэндээс хамгийн чухал, ач холбогдолтой мэдээллийг эрэлт хэрэгцээний дагуу нээлттэй болгоход хангалттай. Энэ бол ил тод байдлын хангах оновчтой арга юм. Асар их мэдээлэлтэй одоо цагт тухайн мэдээллийг байгаа эсэх, хаанаас олж авах нь үндсэн мэдээллээс дутуугүй чухал болжээ.
-Мэдээллийг төсөв санхүүгийн ба бусад энэ тэр гэж зааглах аргагүй болжээ. Бүх юм хоорондоо уялдаа холбоотой учраас тэр. Төрийн мэдээллийг хамгийн бага зардлаар, цаг хугацаа хэмнэж, илүү шат дамжлага үүсгэхгүйгээр ил болгохын тулд тухайн байгууллага, орон нутгийн байгууллагын тогтоол, тушаал, захирамж шийдвэрийг нээлттэй болгох явдал юм. Мэдээж нууцлах шаардлагатайг тэмдэглэл хийгээд нууцал болно. Хэрвээ тэгэж чадвал бүх төрлийн мэдээлэл аяндаа ил тод болох юм. (Албан бичгийг ил тод болгохгүй байж болно, гэхдээ албан бичгийн үйл явц эцсийн дүндээ бас л тушаал шийдвэр болж эцэслэгддэг)
-Төрийн төв байгууллагын сайт, платформуудад мэдээллийг орон нутгаар хангалттай ангилж харуулахгүй байгаа нь том дутагдал юм. Хэрэглэгч бүр тодорхой аймаг сум, нийслэл дүүрэг, баг хороонд амьдардаг учраас тэдэнд хамаатай мэдээлэл бүхнээс чухал. Тухайн төсвийн хөрөнгө оруулалтууд ямар эх үүсвэртэй, өөрөөр хэлбэл улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн алин байх нь хоёрдугаар асуудал юм.
-Төсөв, санхүү, худалдан авалтын мэдээллийг өгөгдөл хэлбэрээр бүрэн байршуулсан сайт буюу платформ хараахан алга байна.
-2011 онд батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг халж 2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн концепц нь буруу гэж үзэж байна. Ямар ямар мэдээллийг ил тод байлгахыг урьдчилж тогтоогоод, тэгэхдээ бүрэн ил тод (5 ангиллын 68 төрлийн мэдээлэл нээлттэй гэх мэтээр), хагас (хязгаарлагдмал) нээлттэй гэж хязгаарлаад бусдыг нууцалж байна. Үүний улмаас хаалттай мэдээллийн тоо нэмэгдэж ил тод, нээлттэй байдал улам бүр муудсаар байна. Үүний оронд төрийн мэдээллийг нээлттэй байлгаад зөвхөн заримыг нууцлах ёстой зарчмыг буцаж нэвтрүүлэх шаардлагатай болжээ.