(Одоохондоо нэр, болон элдэв мэдээллийн цуглуулга)
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж буй хээрийн ба говь, цөлийн экосистемийн эмзэг байдлыг үнэлэх математик загварчлал болон мониторингийн сүлжээний цахим платформыг хөгжүүлэх” Монгол-Японы хамтарсан төслийн Япон талын удирдагч, Японы Ямагучи их сургуулийн профессор, М.Нагай (Masahiko Nagai), Шинжлэх Ухааны академи(ШУА)-ийн Математик, тоон технологийн хүрээлэн(МТТХ)-гийн захирал, хамтарсан төслийн Монголын талын удирдагч А.Мөнх-Эрдэнэ болон академич Р.Энхбат нартай уулзалт хийв.
МТТХ нь Японы Ямагучи их сургуулийн Хиймэл дагуулын зайнаас тандах судлалын төвтэй хамтран тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны (SATREPS) хөтөлбөрийг ШУА-ийн түүхэнд анх удаагаа хэрэгжүүлэхээр болсон бөгөөд 2026 оноос эхлэн Японы 200 сая иений санхүүжилттэйгээр таван жилийн хугацаанд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Биологийн хүрээлэн, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.
Энэ төсөл нь “Хүрээлэн буй орчин, энерги” гэсэн ангилалд анх удаа Монгол улсаас шалгарч байгаагаараа онцлогтой төдийгүй Монгол орны цаашлаад бүс нутгийн хэмжээнд говь цөл, хээрийн эмзэг бүс нутгийн экосистемд гарсан өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, цаашдын чиг хандлагыг урьдчилан таамаглах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад технологи, их өгөгдлийг ашиглан математик загвар боловсруулах, төвлөрсөн экосистемийн цахим мэдээллийн платформ бий болгох юм.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ төслийг анхнаас нь санаачлан дэмжиж зохион байгуулалтаар ханган ажиллаж байсан бөгөөд манай улсын төсөл шалгарсанд баяртай байгаагаа илэрхийлж, шинжлэх ухааны салбараас Улсын Их Хуралд сонгогдсон гишүүний хувьд төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжихэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
2025.06.10 Улаанбаатар хот. Төрийн ордон.