2025 оны 02-р сарын 11. Үндэсний аудитын газраас 40,8 тэрбум төгрөгийг зарцуулж 47,4 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн бүтээн байгуулалтын харагдах байдал
ТОВЧОО
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК
Байгуулагдсан он: 2018.09.05.
Регистрийн дугаар: 4279824.
Хувьцаа эзэмшигч:
1.Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 15 хувь
2. Анх зарласан Саравай ХХК – 85 хувь
2019.11.11-нээс “Лидер капитал” ХХК
Гүйцэтгэх захирал ба эцсийн өмчлөгчөөр Даваацэрэн овогтой Энхбаяр бүртгүүлжээ.
“Лидер капитал” ХХК:
Регистрийн дугаар: 6463983
Хувьцаа эзэмшигч нь 38 иргэн, аж ахуйн нэгж бөгөөд гүйцэтгэх захирлаар Даваацэрэн овогтой Энхбаяр, эцсийн өмчлөгчөөр Зориг овогтой Тэлмэн, Даваацэрэн овогтой Төгсбаяр, Даваацэрэн овогтой Энхбаяр, Даваацэрэн овогтой Төгсбаяр нар бүртгүүлжээ.
Байршил: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1–р багийн нутаг дэвсгэр
Төлөвлөсөн байдал:
Жилдээ 10 сая ширхэг арьс боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос, ноолуур боловсруулах, угаах самнах 2 үйлдвэр, мөн эсгийний үйлдвэр, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтэцтэй байна

Одоогийн байдал:
-2018 оноос бэлтгэл ажил хийж 2019 оноос дэд бүтцийн ажил эхлүүлсэн
-180 га газар авч эзэмшсэн
-Дархан арьс ширний цогцолбор, орон нутгийн өмчит ХХК-ийн Дархан арьс ширний цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг өрийн бичиг худалдан авах гэрээ 3.7 тэрбум төгрөгийг цахилгаан шугам сүлжээ, дэд станц, тоног төхөөрөмж худалдан авахад зориулан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан авсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан. Түүнийгээ “Лидер капитал” ХХК-д санхүүжилтийг бүрэн шилжүүлжээ.
-Цахилгааны шугам, цэвэрлэх байгууламж, гадна дулаан, цэвэр усны хангамж, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлууд хийгдсэн дүр зураг харагддаг ч 2021 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй, бүрэн зогссон
“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК
Байгуулагдсан он: 2020.11.18.
Регистрийн дугаар: 6646778.
Хувьцаа эзэмшигч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга:
Бадарчийн Отгонцэцэг (ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга) (2022 он)
Мэндбаярын Дондогдорж (ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга) (2023 оноос 2024 он)
Гүйцэтгэх захирал:
Цэрэнбадам овогтой Гансүх (2022-2023)
Булган овогтой Ууганбаяр (2023 оны байдлаар)
Батжил овогтой Жамуха (2024 оны 3-р сарын 12-ноос захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч)
Цахим сайт: https://dtc.mn/
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/dtcmongolia/
Байршил: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэр
Төлөвлөсөн байдал:
Төвийн бүсийн арьс ширний үйлдвэрүүдийг төвлөрүүлэх.
Жилдээ 4 сая хонь, ямааны арьс, 400 мянган ширхэг бодийн шир боловсруулах хүчин чадалтай, 810 ажиллагчтай байх бөгөөд бие даасан цэвэрлэх байгууламж, инженерийн дэд бүтэцтэй байна.
-Нийт 390 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. Үүнд барилга байгууламжийн бүтээн байгуулалтад 88.2 тэрбум төгрөг, Итали улсаас тоног төхөөрөмж худалдан авахад 160 тэрбум төгрөг, дэд бүтцийн бүтээн байгуулалтад 51.5 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар урьдчилсан тооцоо гарсан.

Одоогийн байдал:
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А 130 дугаар захирамжаар олгосон 25 га газарт төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэсэн.
-Ямар нэгэн бүтээн байгуулалт хийж эхлээгүй
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК ба “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн ззэмшиж буй газрын байршил

Сүүлийн жилүүдэд улсын төсөвт тусгасан Дарханы арьс ширний цогцолборын хөрөнгө оруулалтууд
2024.12.30.
Монгол Улсын Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал компанийн нэрийг “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж өөрчлөв.
2024.09.13.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон холбогдох хүмүүс уулзаж Дарханы арьс ширний цогцолборын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцжээ. Энэ үеэр Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Дархан арьс ширний цоцгцолборын төслийн нийт төсөвт өртөг нь 86.2 тэрбум төгрөг үүнээс 40,8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж 47,4 хувийн гүйцэтгэлтэй ажилласан боловч Хөгжлийн банкнаас авсан 18,3 тэрбум төгрөгийн зээлийн хүү 9,1 тэрбум төгрөгт хүрч хүүгийн дарамтанд хувийн хэвшил орсныг танилцуулж аудитын байгууллагыг ажиллуулж гаргасан үнийн дүнгээр хувийн хэвшил тохиролцож чадвал төр Дархан арьс ширний цогцолборын дэд бүтцийг нь худалдан авч цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж Ж.Энхбаяр сайд мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлүүлж аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрийг барагдуулах тохиролцоог аймгийн удирдлагын зүгээс “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай хийсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй ажээ.
2024.03.27.
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам Дархан-Уул аймагт ажиллаж Ургамал, газар тариалангийн хүрээлэнд болсон “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хуралд оролцох үеэрээ “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ТӨХХК)-ийн төлөвлөлт, судалгаа тооцоололтой танилцсан юм.
Орон нутгийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн үйл ажиллагаа 2021 онд зогссон байна. Дархан-Уул аймгийн засаг захиргаанаас тус төсөлд 180 га талбай ашиглуулахаар олгож, үүгээрээ компанийн 15 хувийг эзэмшсэн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат танилцуулсан юм. Гэвч Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК байгуулагдаж, дээрх орон нутгийн өмчит цогцолборын дэргэд 25 га талбайд ажиллах болсон нь ижил төрлийн үйл ажиллагааг зэрэгцэн явуулах боломжгүй нөхцөл бий болгосон гэж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага үзэж, гомдол гаргасан талаар тэрбээр ярив. Үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх хоёр жилийн хугацаанд “Дархан арьс ширний цогцолбор” ХХК цахилгаан дамжуулах дэд станц, цэвэрлэх байгууламж, үйлдвэрүүдийн гадна шугам сүлжээ, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлуудад Үндэсний аудитын газрын тогтоосноор нийт 41.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байжээ.
Орон нутгийн өмчит компани төслийнхөө санхүүжилтэд зориулан Хөгжлийн банкнаас 18.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь хүү, алдангитайгаа энэ оны хоёрдугаар сарын 01-ний байдлаар 34.6 тэрбум төгрөгт болоод байгаа юм. Энэ асуудлыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жилд удаа дараа авч хэлэлцэн, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас боломжтой хэсгийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн гүйцээж ажиллах талаар яриа хэлцэл хийж шийдвэрлэхийг чиглэл болгож байсан юм. Үүний дагуу “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК холбогдох ажлын хэсгүүдийг байгуулж, албан хэлэлцээр хийх, гүйцэтгэсэн ажлуудад үнэлгээ, тооцоолол хийх, өр төлбөр, хөрөнгө шилжүүлэх боломжийг судлах зэргээр ажилласныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жамуха дэлгэрэнгүй танилцуулав.
Хөгжлийн банк төслийн талбайд хийсэн дэд бүтцийн ажлуудыг зээлийн өр төлбөрт тооцон авч төрийн өмчит компанид шилжүүлэх хэлцлийг хийж байсан боловч “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-аас аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй санал тавьсан тул хэлцэл зогсжээ. Иймд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, цогцолборын 180 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг тус банк гаргасан байна.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд дээрх асуудалтай танилцсан уулзалтад дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн “Бурхант хясаат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбаатар оролцож, ажлын хөлсөө авч чадаагүйгээс 200 гаруй ажилтан, албан хаагчтай байснаас одоогоор 10 орчим хүнтэй үлдсэнээ ярьсан юм. Тэрбээр, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаярыг болон Дархан-Уул аймгийн удирдлагыг шүүхэд өгсөн байна. Харин Д.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг шүүхэд өгөөд байгаа аж. “Бурхантхясаат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбаатар, Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрт итгэж найдаад дээрх ажлуудыг авч хийсэн боловч эдүгээ дампуурахад хүрээд, орон гэрээ хүртэл зарж худалдсан тухайгаа өгүүлж, яахаа мэдэхгүй яваагаа хэлэв.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд дээрх төслүүдийн талбайд очиж, нөхцөл байдалтай танилцлаа. Тал талын нэхэмжлэлээр шүүхэд очсон энэ асуудлын шийдэл шүүхийн шийдвэр гарахаас нааш урагшлах боломжгүй болоод байгаад харамсаж байгаагаа Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд илэрхийлээд, улс орны хөгжлийн томоохон ажил ганц нэгхэн хүний хариуцлагагүй байдлаас болж гацаж, зогсох явдал байж болохгүйг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, “Бурхантхясаат” ХХК-ийн барьсан дэд бүтцийн шугам сүлжээнээс “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн төслийн талбай руу татах хувилбараар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэхийг зөвлөв.
(УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс)
2024.01.09.
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох үеэр Дарханы арьс ширний цогцолборын асуудлыг дараах байдлаар хэлэлцжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг:
-Хоёр дахь нь, Дархан арьс ширний цогцолбор байгаа. 25 га болон 180 га гээд хоёр төсөл байгаа. Үүн дээр 25 га-гийн мэдээллийг энэ дээр оруулсан байна. 516 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс дэд бүтэц нь 119, барилга нь 397, нийтдээ 2300 орчим ажлын байр бий болгож, 4 сая богийн арьс, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгаа юм…
-Нэгдүгээрт Дархан арьс ширтэй холбогдолтой асуудлыг нэг талд нь гарга. Хувийн хэвшлийн хийсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг одоогийн байгаа энэ дэд бүтцийн ажлуудыг бүгдийг нь мэргэжлийн байгууллагуудаар шалгуулаад энэ дээр хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтууд ороод ямар хэмжээнд хийгдсэн байгаа вэ гэдэг дээр дүгнэлт гарга гэдэг чиглэл өгөгдсөн. Энэ дагуу гурван яамны хамтарсан тогтоол гарч бид бүхэн ажлын хэсэг байгуулан ажилласан… Энэ дүгнэлт батлагдсанаас хойш 04 сарын 07-ны өдөр гарын үсгээ зураад бүх мэдээллүүдээ тодорхой болгоод
явснаас хойш ер нь албан ёсны 7 удаагийн уулзалт, албан бусаар бараг 10 гаруй удаа ерөнхийдөө уулзаж ярилцсан… 5 сар гэхэд ажлын хэсгийн дүгнэлт гаргаад, түүнээс хойш Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөгжлийн банк яг нэгдсэн байр суурьтайгаар саналаа илэрхийлээд хувийн хэвшлийнхнийг хэд хэдэн удаа хүлээсэн. Хувийн хэвшлийнхэн төлөөлөн удирдах зөвлөлөө хуралдуулъя, тодорхой асуудлуудаа бид бүхэн ярилцаж байна гэдэг ийм байдлаар. Тэгээд нэг, хоёр удаа албан бичгүүд өгөөд хугацаа хожих байдалтай явсаар байгаад 2023 оны 10 сарын 31-ний өдрийн уулзалтын тэр саналын дагуу 2024 оны 01 сарын 05-ны өдөр эцсийн байдлаар саналаа ирүүлсэн. Энэ санал дээр гол агуулга нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 12 сарын 31-ний өдрийн А27 тоот тушаалаар батлагдсан тэрхүү үнэлгээг дахин үнэлэх саналаа ирүүлсэн… Төслийн талбайд хийгдсэн бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажил дөрөв дэх жил рүүгээ орж байна. Тэгэхээр энэ дэд бүтцийн ажлыг ойлголцохгүй явсаар байвал цаашдаа ашиглах боломжгүй болох өндөр эрсдэлүүд байгаа. ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээтэй холбогдолтой асуудлууд, энэ дэд бүтцийн цэвэрлэх байгууламжийн зураг, төсвийн ажлууд үнэгүйдэх асуудлууд байна…
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Тэгээд бид нар ингээд нэг тийм төр аливаа ажилд оролцохоороо л заавал нэг завааруулсан, ужгирсан, үр дүн гардаггүй. Одоо больчих л доо. Сүүлдээ уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс дэд
бүтцийн зардалд гээд 50 тэрбум орчим төгрөг авна гэнэ.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг:
-Өнөөдөр яг үнэндээ би танд ажлын хэсгийн явцын уулзалтын үр дүн, энэ юмнуудаа танилцуулахад үнэхээрийн хоорондоо ойлголцож үр дүн гаргахад ингэж оролдлогуудыг хийсэн. Маш олон удаагийн уулзалт хийсэн. Гар хөлийн үсгээ зураад, за зү болоод явдаг. Эргээд ирэхдээ дахиад тэс өөр бичиг бариад ирдэг, дахиад тэс өөр агуулга болоод ирдэг Үнэхээрийн нэг жилийн хугацаанд
ойлголцох гэж нэлээн чармайж ажилласан… Тэгэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Монгол Улсын Засгийн газар энэ арьс, ширний үйлдвэрийн байгууламж огт барихгүй гэдэг дээрээ байгаа. Дэд бүтцийн ажлуудыг нь хийгээд энэ дээр аж ажиллая. Дээрээс нь хэлж байгаа тэр Туркүүд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулагч нар, Италиуд өөрсдөө энэ дэд бүтцийн ажлуудыг ирж
үзээд хэрвээ Та бүхэн яг тодорхой асуудлаа шийдчих юм бол хөрөнгө оруулалтаа хийе гэдэг саналуудыг удаа дараа хийгээд байгаа юм… Эрсдэл байгаа. 4 дэх жилдээ орж байгаа юм. Яг энэ дэд бүтцийн ажлууд хийгдээд. Тэгээд энэ барилгын тодорхой дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг цаашлаад энэ хэвээрээ үргэлжлэх юм бол өөрөө ашиглахгүй байх эрсдэл рүү хүртэл орно… 25 га дээрх энэ бүтээн байгуулалтын ажлуудыг шаардлагатай тохиолдолд нэгдсэн зохион байгуулалтад оруулаад 205 га-г нь төлөвлөлт болгоод, нэг, хоёр үе шаттайгаар явуулах нэг төрлийн хувилбар байж болох юм гэдэг байдлаар Хүнс, хөдөө аж ахуйн яам судлан ажиллаж байгаа… Дархан арьс ширний хувьд яг тодорхой шийдлийн хувьд гаргахад нэлээн хүндэрчихсэн байгаа … Шаардлагатай гээд түрүүчийн ярьдаг хоёр дахь асуудал 180 га-гийнхаа дэд бүтцийг ашиглаад 25 га дээрх бүтээн байгуулалтынхаа ажлыг эхний үе шат гэж эхлүүлээд, тэгээд тэр явчихсан байгаа дэд бүтцийг царцаалгүйгээр ашиглаад явж байя. Шүүхийн асуудал юмнууд нь шийдэгдсэн тохиолдолд үүнийгээ 205 га-гийн томоохон хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн парк болгоод явуулах энэ хоёр дахь асуудлыг хүртэл бид тавьсан. Гэтэл ингэж хэсэгчилж өгөхгүй ээ. Өгсөн тохиолдолд газраа 1 га-г нь бүр 1 тэрбумаар үнэлээд арай хүлээж авах боломжгүй хүртэл ийм саналуудыг хэлээд байгаа учраас энэ дээр зайлшгүй тодорхой шалгадаг газраар нь шалгаад ингээд асуудлуудыг нь эцэслээд явахаас өөр аргагүй байдал руу оруулж байна гэдгийг өнөөдрийн түвшинд би хэлэхээр байна.
Тэгэхээр одоогийн байгаа дэд бүтцийн ажлыг хувийн хэвшил дээрээ байгаа. Үүнийг Хөгжлийн банк руу шилжүүлэн авах дээрээ тодорхой саналын зөрүүтэй байдлууд дээрээ яг эцэслэсэн энэ дүнгүүдээ тохирох дээр ярьсан асуудлаасаа ухраад байгаа ийм асуудлууд л үүсчхээд л байгаа юм л даа…
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Ингээд Хөдөө аж ахуйн яамны хажууд төрийн өмчийн аж ахуйн нэгж үүсгээд төр өөрөө хийгээд явъя гэдэг ийм шийдвэр гаргаад л өгсөн. Наад 2 дугаар зүйл нь. Тэгээд одоо ямар нөхцөл байдал
руу орчхоод байгаа вэ гэхээр нөгөө 20 гаруй тэрбумын л асуудалд дэд бүтэц хийчихсэн байгаа юмаа ингээд төрд өгнө гэж байсан хүмүүс нь одоо газраа үнэлээд 180 тэрбум төгрөг, нэмэх нь хөрөнгө оруулалтын зардал гэдэг юм нэхээд. Бараг 200 гаруй тэрбум төгрөгийн юм нэхээд цаашаа хараад хэвтчихсэн. Тэгээд ийм юм бол төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах гэж гүйгээд байх бас хэцүү шүү дээ. Юманд чинь үнэ цэн, хэмжээ гэж нэг юм бий. Би одоо энэ Хөдөө аж ахуйн яамныхныг, энэ ажил хариуцсан хүмүүсийг загнаад байх ямар ч үндэслэл алга. Танилцууллаа. 7 удаа уулзсан байна. Бичиг сачиг шидэлцгээсэн байна… Тэгэхээр ирэх онд бид улсын төсөв дээр мөнгө тавьсан. Дарханаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд ярьж байгаад Дархан арьс, ширний цогцолборын цэвэрлэх байгууламжийг барихад 23.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 11.9 тэрбумыг нь санхүүжих ийм төсөв бид тавьсан… Энэ чинь төрийн л газар шүү дээ. Төрийн өгсөн газрыг яахаараа нэг га-г нь тэрбум төгрөгөөр үнэлээд буцаагаад газрын наймаа шиг юм хийгээд байдаг юм. Болих хэрэгтэй шүү дээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Яагаад зогссон гэдгийг бараг хүмүүс мэдэж байгаа. Үүнийг эхлүүлсэн, тухайн үед Хөдөө аж ахуйн сайд байсан хүний эсрэг бодлого гэж би харж байгаа. Хардаж байгаа. Улс төр орчихсон, энд.
180 га дээр юм тэгээд л явж байсан шүү дээ. Энэ чинь бас нэг эцэс юмаа харчихсан, бүтээгдэхүүнээ хийнэ гэж юмаа харчихсан байсан төсөл шүү дээ. Зогсоосон. Дэргэд нь 25 га газар болгоод дахиад өөр бүтэц болгоод ингээд л явсан шүү дээ. Тэгээд Байнгын хороо үүнийг олж хараад тогтоолоо баталж өгсөн шүү дээ. Тэр зэрэгцэж явж байгаа юмаа зогсоо. Анх эхэлсэн юмаа гүйцээ гээд явсан шүү дээ.
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Э.Батырбек:
-Яг өнөөдрийн байдлаар 34.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Өсчихсөн байж байгаа. 34.5 яг өнөөдрийн байдлаар. 15 тэрбум төгрөгийг тухайн үед компани байгуулаад, тэр компаниар дамжуулаад 2020 онд одоо энэ 15 тэрбум төгрөгийг Дархан арьс, ширний цогцолбор хувьцаат компанид олгосон байдаг. Хоёр дахь санхүүжилт нь цахилгаан, эрчим хүчний дэд бүтцийг татах зорилгоор охин компаниараа дамжуулаад 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Энэ нь өнөөдрийн байдлаар 3.2 тэрбум төгрөг нь хэвээрээ. Хүү нь 1.4 тэрбум, алданги нь 394.4 сая төгрөг. Ингээд нийтдээ 34.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн эргэн төлөлт хийгдээгүй. Бид бүхэн энэ асуудлыг ер нь анхнаасаа тухайн үед байгуулагдаж байсан үнэт цаасны тэр компани маань өөрөө, хөрөнгө оруулалтын сан маань өөрөө дүрэмтэй байсан, журамтай байсан. Тэр журам болон холбогдох заалтуудыг зөрчөөд олгогдчихсон байдаг юм. Энэ асуудлаар тухайн үед хууль, шүүхийн байгууллагад хандчихсан байж байгаа. Одоо эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаад явж байгаа. Сая прокурор шилжээд, буцаад мөрдөн байцаалт руу шилжсэн байна лээ.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг:
-2024 оны улсын төсөвт Дархан арьс, ширний цогцолборын цэвэрлэх байгууламж дээр 11.9 тэрбум төгрөгийг оруулсан байгаа. 2 жил дараалаад хийгдэхээр төсөв орсон байгаа. Үүнийг 180 га дээрх одоогийн хийгдсэн байгаа тэр суурийг үргэлжлүүлэх байдлаар бид бүхэн техник, эдийн засгийн үндэслэлийнх нь дагуу зураг төсвийг нь оруулаад 2024 оны төсөвт суулгасан. Тэгэхээр энэ төсөв татагдах гэж байгаа. Дээрээс нь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд дараа дараагийн жилүүдэд хүлээх ямар ч боломжгүй болж байгаа… Төрийн тусгай хэрэгцээнд аваад үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх тодорхой шийдлүүдийг гаргасан тохиолдолд энэ ажлууд шууд үргэлжлүүлээд явах боломжтой. Яг одоогийн байдлаар хувийн хэвшлийн шүүхийн маргаан, энэ зүйлүүдийг нь бид хүлээх юм бол энэ асуудал дахиад түрүүчийн дурддаг эрсдэлүүд үүсэх гээд байна … Газрыг үндсэндээ шилжүүлэн аваад ашиглаад явах боломжтой… Дээр нь байгаа тэр бүтээн байгуулалтын ажлыг Эрчим хүчний төв, Барилга хөгжлийн төвийн гаргасан дүгнэлт байж байгаа. Мэргэжлийн байгууллагын. Тэр дүгнэлтээр нь бид бүхэн нөхөн төлбөр олгоод авах боломж бас байгаа. Тийм.
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд:
-Тэгэхээр сая гишүүдийн хэлж байгаа шиг эсвэл тэр хувийн хэвшлийнхэнтэйгээ яг тийм бодитой
гаргасан зардлаа Хөгжлийн банкныхаа тэр асуудлыг шийдвэрлүүлээд тэгээд төр лүү өгье гэх юм бол тэрийг нь шууд аваад ингээд 100 хувь явуулах, эсвэл тэр хувийнханд гай бололгүй төр тэр Дарханы арьс, ширний үйлдвэр гэж юмаа татан буулгаад өөрсдөө замаараа явцгааг. Энэ шийдвэрийг ер нь ойрын үед гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол би яг 4 жил харлаа. Яг 4 жил харлаа. Яг 4 жил харахад нэг ч алхам ахисангүй. Бөөн хар зардал. Тэр арьс, ширний үйлдвэрийн захирал гээд нөхдүүд нь гадаад, дотоод явсан, нэг туршлага судалсан, бөөн мөнгө төгрөг үрсэн ийм л хэдэн нөхөр байна шүү дээ… Ер нь цаашдаа төр ийм юм руу орохоо болиод энэ байгаа суурилуулагдсан хүчин чадал, тэр шевро, булигаар байна уу, тэр Дархан минж” байна уу, тэд нарт харин тэр хөнгөлөлттэй зээл олж өгөх тал дээр нь л бид төр дэмжих ёстой юм байна, ер нь.
2023.02.06.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголоор Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон санхүүгийн түрээсийн зээлүүдийг хэлэлцэхэд Дарханы арьс ширний цогцолбор байгуулах төсөлтэй холбоотой зарим баримтыг хэлэлцсэн байна.
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК нь Ди Би Эм ассет менежмент ХХК-ийн хөрөнгө оруулалтын сангаас 15 тэрбумын төгрөг, мөн төслийг хамтран хэрэгжүүлэгч “Сопрэмакс” ХХК нь Ди Би Эм лизинг” ХХК-иас 3.2 тэрбум төгрөгийн дэд станцын тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахаар гэрээлжээ. Нийтдээ Хөгжлийн банкны хоёр охин компаниас 18.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж санхүүжүүлсэн гэсэн үг юм. Үүнээс хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Д.Энхбаяр нь 120 сая төгрөгийн бэлэн зарлага, 130 сая төгрөгөөр Ланд 200 автомашины худалдан авалт хийсэн бол түүний ах Д.Төгсбаяр 275 сая төгрөгийн бэлэн зарлага, мөн хувьцаа эзэмшигч Д.Энхбаяр 500 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийсэн байна.
Бас “Далай сан Кредит” ХХК-ийн данс руу 670 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлсэн бөгөөд тухайн “Далай сан Кредит” ББСБ-ын гүйцэтгэх удирдлага Г.Шинэцэцэг нь “Сопрэмакс” ХХК-ийн гүйлгээ хийх эрхтэй этгээд байжээ.
2023.01.18.
УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийгсонсохоор төлөвлөсний дагуу дэд сайд М.Ганхүлэг мэдээлэл хийжээ.
-Нийтдээ бол Монгол Улсын Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийг “Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчит компани үндсэндээ 180 га газар дээр төлөвлөлт хийгээд ингээд бас зохион байгуулахаар болсон. Үүний 15 хувь нь бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр, 85 хувь нь болохоор “Сарвай” гэж компани дээр үндсэндээ ингээд хамтран төрийн өмчит компаниа байгуулаад, орон нутгийн өмчит компаниа байгуулаад ингээд 18.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас бонд хэлбэрээр гаргуулан бас авсан. Ингээд “Сарвай” компаниас бол “Лидер капитал” компани руу бол үндсэндээ шууд мөнгө нь бол үндсэндээ шилжсэн байгаа. Энэхүү шилжүүлсэн мөнгөө бол 4 компани руу бас шилжүүлж дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг бол хийж эхэлсэн. “Сопрэ Макс” компани бол үндсэндээ 2.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. “Тэгш” яг констракшнд бол 7.1 тэрбум төгрөгийг, “Евро стандарт таннери” компанид бол 9.9 тэрбум төгрөгийн “Бурхант Хясаат” гэж бас хувь хувийн хэвшлийн нийлсэн ийм бас компани байгуулсан. Тэгээд эдгээр компаниудын бас тодорхой эзэмшигчдийг ингээд шалгаж үзэхээр бол сонирхлын зөрчилтэй ийм бас байдлууд бас ажиглагдсан гэдгийг бас энэ дээр харуулсан байна. Үндсэндээ энэ техник, эдийн засгийн үндэслэлтэй холбогдолтой бас маргаан юу яваад байгаа. Энэхүү техник, эдийн засгийн үндэслэл үндсэн 2013 онд бол Үйлдвэр хөдөө аж ахуйн яам байх үед 790 сая төгрөгөөр “Ар энд Эф Капитал” гэдэг компанид бид бүхэн захиалга өгөөд ингээд хийлгүүлсэн техник, эдийн засгийн үндэслэл бол байгаа. Тэгээд энэхүү компанийн захирлаар нь бол одоогийн манай Энхбаяр бол үндсэндээ байсан байгаа юм. Тэгээд энэ яам өөрөө яг ТЭЗҮ хийлгэх төсөв гаргаад, санхүүжилт өгөөд хийлгэсэн энэ төсөв маань явж явж тусдаа хувийн хэвшлийн өмчид бүртгэгдээд одоо энэ нь болохоор 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болоод ингээд буцаад орж ирж байгаа бас асуудлууд байгаад байгаа юм гэдгийг бас энэ дээрээс харж болно. Ингээд дэд бүтэцтэй холбогдолтой бүтээн байгуулалтын яг энэ юу төсөвтэй холбогдолтой мэдээллүүд энэ дээр харагдаж байгаа. 18.7 тэрбум төгрөгөө үндсэндээ цахилгаан хангамж 2.9 тэрбум төгрөг “Сопрэ Макс” компани хариуцаж хийсэн, цэвэрлэх байгууламжийг бол “Тэгш констракшн” хариуцаж байсан. 180 га доторх шугам сүлжээг “Евро стандарт таннери” компани хариуцаж хийсэн, технологийн уурыг “Гурван тэс” гэдэг компани хариуцаж байсан байгаа. Гадна шугам сүлжээг болохоор “Бурхант Хясаат” компани үндсэндээ 4.6 тэрбум төгрөгөөр хийсэн байна.
-Ингээд Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсан. Энэхүү төсөл дээр. Үндэсний аудитын дүгнэлтээр бол 40.8 тэрбум төгрөгөөр бол энэхүү төслийг бол үнэлсэн. Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 12.7 тэрбум төгрөгийн Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн түрээсээр “Ди Би Эм лизинг” гэж компаниар дамжуулж 3.3 тэрбум төгрөгийг, энгийн хувьцаагаар 8.2 тэрбум төгрөг гэж байгаа. Өөрийн хөрөнгөөр 16.7 тэрбум төгрөгийг зарцуулсан гэдэг ийм дүгнэлт гарсан байгаа. Яг өнөөдрийн байдлаар шилжүүлэн авах боломжтой 5 дэд бүтэц байгаагаас цахилгаан хангамж 8 тэрбум, гадна шугам сүлжээ 7.2 тэрбумын энэхүү дэд бүтцийн ажлыг бол шилжүүлэн авах боломжтой гэж ажлын хэсгээс үзсэн. Цаашлаад цэвэрлэх байгууламжийн суурь 7.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, 180 га доторх шугам сүлжээ 9.9 тэрбумаар бас үнэлж авч болох юм гэсэн ийм бас шийдлүүд гарсан байгаа юм. Ерөнхийдөө бол хэт өндөр үнэлгээтэй аудитын дүгнэлт гарсан. Тэгээд энийг бол яг Барилга хөгжлийн төв, Эрчим хүчний төв 2-т ажлын хэсгээс Хөгжлийн банкнаас хүсэлт өгөөд газар дээр нь очиж яг хэмжилт хийгээд яг энэ дүнгүүдийг дахин шалгая гэдэг ийм хүсэлтийг тавьсан. Гэсэн хэдий боловчиг хувийн хэвшлийн зүгээс бол хэмжилт хийлгэхгүй гэсэн ийм бас байдал үүсээд байгаа юм. Ингээд зээлийн төлбөр хийгдээгүй өнөөдрийг хүртэл явж байгаа хүү, алданги нь бол 12.15 тэрбум төгрөг байгаа 2022 оны 8 сарын 31-ний өдрийн байдлаарх ийм дүгнэлт байгаа юм.
-Тэр утгаараа энэхүү ажлыг бол бас явуулахад хүндрэл учраад байгаа учраас цаг хугацаа хожих үүднээс бид бүхэн бас 25 га дээрх бас 1 төслийг яамныхаа дэргэд буюу Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт төрийн өмчит компаниа байгуулан үндсэндээ төлөвлөлтийн ажлуудыг хийж эхлүүлсэн… 2024 ондоо багтаагаад үндсэндээ 3 үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ийм бас төсөл байгаа юм.
-Ингээд ажлын хэсэг бол ярилцсан. Тэгээд яг ерөнхийд нь базаад саналаа хэлэхэд бол 2 ийм тусдаа төсөл явагдаж байгаа. Байнгын хорооны дүгнэлтээр бол яг төрийн өмчит компани буюу яам дээр явж байгаа төслийг зогсоогоод хувийн хэвшлийн тэр байгаа төсөл дээр нийлж ажиллах гэдэг ийм чиглэлийн хүрээнд бол гарсан. Яг энэ чиглэлийнх нь хүрээнд ажлын хэсэг ажиллаад газар дээр нь очоод шинжилгээ юмнуудаа хийгээд ажиллаад явах гэхээр бас тодорхой хүндрэлүүд бас үүссэн. Нэгт бол 180 га бүтээн байгуулалт дээр үндсэндээ дэд бүтэцтэй холбогдолтой, өмнөх өр төлбөртэй холбогдолтой асуудал нь бол тийм амар бас шийдэгдэх байдал нь бол бас тийм эргэлзээтэй ийм байдал бол үүсэж байгаа. Хоёрт нь бол тэр уурын бүтээн байгуулалтын ажил байгаа. Уурын байдал бол хувийн хэвшлийн 180 га дээр бол үндсэндээ очих боломжгүй гэдэг ийм дүгнэлт гарч байгаа. Мөн дээрээс нь цэвэрлэх байгууламжийн шугамын хувьд бол 4 шугамтайгаар бас тооцсон байх ёстой. Одоогийн хувийн хэвшлийн ТЭЗҮ-гээр бол 2 шугамаар тооцчихсон. Тэгээд саарал усаа бас ямар байдлаар шийдэх гэдэг иймэрхүү бас томоохон асуудлууд тулгарч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Одоо бүр төрийн өмчийн компани, орон нутгийн өмчийн компани 2 нь хоорондоо 1 төсөл дээр өрсөлддөг болчихсон байна шүү дээ. Нэг нэгнийгээ үгүйсгээд. Энэ үгүйсгэл гэдэг юм чинь өөрөө бид нарын хөгжлийг, эдийн засгийг тэлэхгүй байгаа, Монгол Улсын хөгжлийг хойш нь татаад байгаа л нэг юм байхгүй юу.
“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гансүх:
-Ингэхдээ бол бид нар бол Италиас урт хугацааны хөнгөлөлтэй зээл авах энэ зүйлийг бол гэрээндээ бид нар бас тусгаад явж байгаа. Одоо бол нэгт энэ… 50 тэрбум төгрөгийг бол Засгийн газрын тогтоолоор бол шийдэж өгсөн. Одоохондоо энэ бол ашиглагдаагүй байна. Итали улсаас одоогийн байдлаар бид нар үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн буюу 55 сая еврогийн урт хугацааны зээл авах энэ ажил бол явж байгаа. Хамгийн гол юм нөгөө Засгийн газрын баталгаа бол 2022 онд гараагүй учраас энэ ажил маань бас тодорхой, түр хугацаагаар зогсчхоод байж байгаа. Тэгээд Итали улсаас гаргаж байгаа санал бол бид нар 4.4 сая арьс шир боловсруулах энэ үйлдвэрийн том зорилт тавьсан. Итали улсаас гаргаж байсан бол та нар эхний ээлжид 2.4 саяа бол ингээд хамтраад хийе гэдэг байдлаар одоо үндсэн сая дэд сайдын танилцуулгад гарсан 300 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдэг энэ шинэчлэн тооцооллыг хийгээд ингээд явж байгаа.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг:
-Хөгжлийн банкнаас Эрчим хүчний төв, Барилга хөгжлийн төв 2-т бол нарийвчилсан үнэлгээ гаргаж өгөөч гэдэг хүсэлт явуулаад ингээд ажлын хэсгүүд гараад ажиллахаар бол яг Дарханы бүтээн байгуулалт дээр бол очсон. Гэтэл бол яг тэр ажлын хэсгийг ажиллуулах боломжийг олгоогүй ээ олгоогүй. Тэгээд үндсэндээ бид бүхэн гарцаагүй байдалд орчхоод л ингээд байж байна л даа. Тийм учраас өнөөдрийн Байнгын хороогоороо тэр нарийвчилсан шалгалтуудыг бол хий, дахин энэ асуудлыг тал талаасаа сууж ярилцъя. Харин хэлэлцэлд хүрэхгүй байгаад байх юм бол үндсэндээ дараагийнхаа хувилбар руугаа шилжээд ингээд 24 оноос өмнө энэхүү ажлыг явуулах нь зөв гэдэг ийм л зарчмын байр суурин дээр л очоод байгаа юм л даа.
ХХААХҮ-ийн газрын дарга Ц.Болорчулуун:
-Ганболд гишүүний асуултад нэмэлт хариулт өгье. Тэгэхээр нэгдүгээрт яг Монгол Ардын намын бүлгийн намын энэ мөрийн хөтөлбөрт тусгагдсан Засгийн газрын үйл ажиллагаанд чиглэлд тусгагдсан тэгээд энэ “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан энэ арга хэмжээг хэрэгжүүлээд явъя гэхээр түрүүчийн Байнгын хорооны тогтоолоор болохоор энэ төрийн өмчит үйлдвэрийн газар байгуул энэ шийдвэрийг зураг төслүүд боловсруулж байгааг таслан зогсоож Улсын Их Хурлын шийдвэрлэ гэсэн ийм шийдвэр гарчихсан. Үүнтэй холбоотойгоор нөгөө хувийн хэвшлийн компани яамыг бас захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн байж байгаа. Их Хурлын тогтоол биелүүлэхгүй байгаа гэдгээр. Тэгээд ийм асуудал үүсчхээд байгаа
ХХААХҮЯ-ны газрын дарга Б.Отгонцэцэг:
-Энэ бол ийм байгаа юм. Хөгжлийн банкнаас авсан 15 тэрбум төгрөгийн бондыг одоо яг энэ 5 дэд бүтцийн гүйцэтгэгч нарт шилжүүлчихсэн байгаад байгаа юм. Тэгэхлээр бид нар юу вэ гэхлээр энэ “Бурхан Хясаат” хязгаарлагдмал хариуцлагатай компани бол гадна дулаан, цэвэр усны шугам хангамжийг гүйцэтгэсэн 56.6 хувийн гүйцэтгэлтэй, цахилгаан хангамж нь бол “Сопрэ Макс” нь болохлоороо Хөгжлийн банкны 3.3 тэрбум төгрөгийн “Ди Би Эм лизинг”-ээс авсан зээлээр энэ ажлыг гүйцэтгэчихсэн ийм ажилтай байгаад байгаа. Яг “Бурхан Хясаат” руу бол Хөгжлийн банкнаас 2.6 тэрбум төгрөгийг шилжүүлчихсэн. Нөгөө тус компани нь болохлоороо 4.6 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийг гаргачихсан. Яг энэ аваад үзэнгүүт гэрээн дээрээ “Лидер капитал” нь Хөгжлийн банктай барьцаанд энэ дэд бүтцүүдээ тавьчхаад байгаа юм. Энэ дагуу бол бид нар Хөгжлийн банканд бол барьцаанд тавьсан энэ дэд бүтцүүдийг манайд шилжүүлж өгөх гээд одоо нөгөө зээлийн өрөндөө тооцоод тухайн дэд бүтцүүдийг аваад төрийн өмчийн компанид өгөх юм бол төрийн өмчийн компани энэ ажлыг нь үргэлжлүүлээд хэлцлийн шугамын дагуу бүх ажлыг нь хийгээд дуусгая гэсэн ийм саналаар бол бид нар ажлын хэсэг цуг хамтраад ажиллаж байгаа… Тэгээд сая Барилгын хөгжлийн төвийг очоод нөгөө магадлан хийх гээд зургийнх нь ажлын гүйцэтгэл дээр нь очиж дүгнэлт гаргах гээд очингуут хувийн хэвшил энэ ажлыг бас гүйцэтгүүлээгүй. Хөгжлийн банкнаас тавьсан нөгөө магадлан хийлгүүлэх дүгнэлтийн очсон ажлын хэсгийг. Тэгээд иймэрхүү хувийн хэвшил дээр бас ийм үл ойлголцол бас… Энэ дагуу очиж ажиллаж байгаа ажлын хэсэг буюу Хөгжлийн банк, Барилгын хөгжлийн төвийн ажлын хэсгийнхнийг бол нэвтрүүлээгүй. Ийм л асуудал болсон…
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Ер нь явж явж одоо тэр хуучин хувийн хэвшлийн хийсэн дэд бүтцийг төр авлаа ч гэсэн танай наад байршил дээр чинь үйл ажиллагаа явагдах юм уу, явагдахгүй юм уу? Нэг нь толгойн энгэр дээр байгаа. Тэр хувийн хэвшлийн хийсэн. Хоорондоо бараг 3 орчим километрийн зайтай байгаа. Танай төрийн өмчтэй тэр цогцолбор байгуулах газрын чинь байршил ар хоолойд нь байж байгаа шүү дээ угаасаа. Газар дээр нь үзсэн биз дээ? Бараг тэр Дарханыхаа үйлдвэрийн ройноос танай руу байж байгаа байршил руу дэд бүтэц татах, урьдахаас танай руу дэд бүтэц татах 2 бараг зайн хувьд ижил.
Төрийн өмчтэй компаниудаа бид олон нийтийн болгоё, хувьцаат болгоё гэж ярьж байхад эсрэгээрээ төрийн өмчтэй компани байгуулна гээд байгуулчхаад яваад байгаа юм байна лээ шүү дээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас энэ асуудлыг лавлаад асуухад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авахгүйгээр яам өөрөө төрийн өмчтэй компани байгуулсан гэдэг ийм асуудлыг Цэнгэл дарга тавьж байлаа шүү… Үнэхээр тэр 55 сая долларын юм уу, еврогийн зээл өгөх гээд байгаа бол тэр хувийн хэвшилтэйгээ холбож өг л дөө. Хувийн хэвшил нь яагаад тэр зээлийг аваад хийчхэж болдоггүй юм.
“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гансүх::
-Би түрүүн Батжаргал гишүүн бас асуугаад байсан нөгөө байршилтай холбоотой яг ямар, хаанаа явбал явна гэх юм, 25 дээрээ юм уу, 180 даа юм уу гэдэг асуудал ярих уу, ярьсан. Тэгээд бид нар бол ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Тэгээд бид 2 хувилбарыг ажлын хэсэг дээр үндсэндээ ярьж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд 2 дахь хувилбар буюу 180 гаа руу шилжээд очиход технологийн хэд хэдэн томоохон асуудлууд бас үүсэж байгаа гэж түрүүн бас манайх ярьсан. Энэ дээр бол цэвэрлэх байгууламжийн технологийн асуудлыг зайлшгүй өөрчлөх шаардлага үүснэ. Нэлээн бас хугацаа нь орно. Үйлдвэрлэлийн гадна дулаан хангамж, усан хангамжийн ариутгах татуургын шугам сүлжээний асуудал бас технологийн бас горимын бас тооцоолол дээр жаахан өөрчлөлт гарна. Хамгийн гол юм маань уурын асуудал байгаад байгаа юм. Уур бол одоо бид энэ 25 даа төлөвлөж байгаа газар бол уур бол төв станцаасаа уураасаа шугамаа татаад авчих бүрэн бололцоотой. Тэр 180 га баривал бие даасан уурын зуух барих ийм шинэ ажил бий болно…
Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолд өөрчлөлт оруулж 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад “Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, төсвийг хууль хяналтын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулж, гаргасан дүгнэлтэд үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэх, эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх цогцолбортой ижил төстэй тусдаа дэд бүтэц бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг гарган техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулж байгааг анхаарах” гэж оруулсан байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компанийг татан буулгахгүйгээр цогцолборын төслийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх гэсэн агуулгатай болжээ.
2022.12.23.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсож хэлэлцсэн байна.
Асуулгад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулуун хариулжээ. Тухайлбал,
-Дархан арьс ширний цогцолбор, орон нутгийн өмчит ХХК-ийн Дархан арьс ширний цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг өрийн бичиг худалдан авах гэрээ 3.7 тэрбум төгрөгийг цахилгаан шугам сүлжээ, дэд станц, тоног төхөөрөмж худалдан авахад зориулан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан авсан. Тус зээлийн хөрөнгөнөөс цахилгаан цахилгаан шугам сүлжээ, дэд станц, цэвэрлэх байгууламжаас гадна ус, дулаан хангамжийн бүтээн байгуулалтын ажилд зориулж 12.7 тэрбум төгрөгийг нийт бүтээн байгуулалтад зориулж 40.8 тэрбум төгрөгийг гаргасан тухай Үндэсний аудитын газар дүгнэлт гарсан байдаг.
Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яам Дархан арьс ширний цогцолбор орон нутгийн өмчит компанитай 2022 оны 5 дугаар сарын 15-нд бодлогын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр яам, банк, аж ахуй нэгж хамтран зээлийн хүүгийн татаас олгох гэрээ байгуулсны үндсэн дээр банк, санхүүгийн байгууллагаас санхүүжих зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр заасан. Гэрээний дагуу Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн 54 дүгээр тэмдэглэл гарч, уг тэмдэглэл Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу дахин хэлэлцүүлэхээр хойшлуулж шийдвэрлэсэн.
Мөн 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалттай Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтад зориулж 10 тэрбум төгрөг батлагдсан. Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооноос Дархан арьс ширний цогцолбор орон нутгийн өмч дэх ХХК-ийн дэд бүтцийн ажлын магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, өмчлөх тодорхой бус, тендер зарлах байршил зөрүүтэй, баригдсан бүтээн байгуулалтын ажил нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулалт хийгээгүй гэх шалтгаанаар тендер зарлах боломжгүй гэж үзсэн тул улсын төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй болсон юм.
Хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын ажил хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай байдлаас шалтгаалж удааширсан, цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон.
Иймд Улсын Их Хурлаас баталсан Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улс бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 20-24 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Дархан арьс ширний цогцолбор үйлдвэрлэл, технологийн паркыг байгуулах зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт төрийн өмчит ХХК-г байгуулсан.
… Нэгт нь бол тэр Дарханы станцаас 4 километрт байдаг болохоор уураар хангахад уур нь ус болоод очно. Тийм учраас нэмэлт уурын станц барих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ нэг бэрхшээл.
Хоёрт гэвэл арьс ширэнд ашигласан тэр саарал, бохир усыг эргэж ашиглах, тэрийгээ зайлуулах тэр зураг төсөл бол тодорхой биш, хангалттай биш гэсэн ийм 2 бэрхшээл байгаа. Харин тэр төрийн өмчит компанийн нэр дээр явсан тэр 25 Га нь бол Дарханы дулааны цахилгаан станцаас 1.5 километрт ойрхон учраас уур асуудалгүй очно гэсэн ийм байдалтай байгаа.
… Дархан арьс ширний цогцолбор орон нутгийн өмчит компаниас бол 40 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж аудитын дүгнэлт гарсан гэж байна. Энэ дээр холбогдох байгууллага, аудит бас дүгнэлтийг дутуу гарсан байна. Ер нь зөвхөн цаасан дээр ажилласан байна гэсэн байдлаар бас хандсан. Ингээд дахин үнээ буулгаж болно. Бид зарим юмаа хасаад 33 тэрбумд бол өгье гэсэн саналыг хамгийн сүүлд энэ хэлэлцээрийн явцад хэлж байна гэж байна.
Ерөнхийдөө бол өөрсдөө ер нь энэ 30-аад тэрбум төгрөг зарцуулсан гэсэн ийм дүгнэлттэй байгаа. Үүнээс бол Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг авсан юм. Өрийн бичиг худалдан авах гэрээндээ 3.7 тэрбум төгрөгийг цахилгаан шугам сүлжээний дэд станцад зориулж ингэж бас зарцуулсан гэж байгаа.
ХХААХҮЯ-ны дарга, Дарханы арьс ширний цогцолборын ТУЗ-ын дарга Б.Отгонцэцэг:
-Дархан арьс ширний цогцолбор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өөрийнх нь ТЭЗҮ бол 2018 оны ТЭЗҮ-үүгээрээ 589.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ТЭЗҮ хийгдсэн байдаг. 2013 онд Аж үйлдвэрийн яам буюу Хүнс, хөдөө аж ахуйн яам тухайн үедээ Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тендер зарлаад энэ хувийн хэвшлийн “Ар Эн Ди” гээд компани 780 сая төгрөгөөр Дархан арьс ширний цогцолбор ТЭЗҮ-г улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн байдаг. Одоо энэ хувийн хэвшлийн бариад байгаа ТЭЗҮ бол Хүнс, хөдөө аж ахуйн яамны улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ТЭЗҮ.
-Дараагийн асуулт нь бол хувийн хэвшлийн хийж гүйцэтгэсэн хөрөнгө оруулалт нь нийтдээ бол аудитын дүгнэлтээр бол өнөөдрийн гаргаад ирчихсэн аудитын 21 оны 12 сарын 31-ний аудитын тайлан баталгаажуулалтаар бол нийтдээ 40.8 тэрбум гэж гаргаж ирсэн. Үүний санхүүжилтийн эх үүсвэрийг бол Монгол Улсын Хөгжлийн банкны 15 тэрбум төгрөгийн бондыг жилийн 20 хувийн өгөөжтэйгөөр 5 жилийн хугацаатай авсан өрийн бичгийн худалдах, худалдан авах гэрээгээр санхүүжигдсэн. 3.7 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм” лизингээс 3.7 тэрбум төгрөгийн эрчим хүчний тоног төхөөрөмжийн санхүүжилтийн гэрээгээр нийтдээ 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ ажлыг гүйцэтгэсэн байдаг. Тухайн үед Хөгжлийн банктай байгуулсан гэрээгээрээ бол хувийн хэвшил 180 Га газрыгаа болон тухайн газар дээр хийгдэж байгаа бүх дэд бүтцийг Хөгжлийн банкны барьцаанд байршуулсан… Ингээд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хамтраад ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг бол 5 дэд бүтцийг бид нар хувийн хэвшлээс санал болгосон дүнгээр нь бол өнөөдрийн байдлаар бол Хөгжлийн банканд хувийн хэвшил 33 тэрбум төгрөгөөр үнэлэх ийм саналыг ирүүлээд байгаа…
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Тэр Дархан Минжээс болоод Сангийн сайд нь баталгаа гаргахгүй гээд л ингээд л сууж байгаа шүү дээ бас. Засгийн газар дотроо учраа олохгүй. Энэ хэрэгтэй төслийг гацаагаад байж байгаа байхгүй юу 1 компанийн эрх ашгийн төлөө.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Энэ цогцолборыг анх байгуулах 2018 онд шийдвэр гарсан. 180 Га газрын Дарханы иргэдийн хуралд олгоод, 15 хувийг нь эзэмшинэ. 85 хувийг нь тэр “Лидер капитал” гэж тэр компани эзэмшихээр одоо ингэж гэрээ байгуулсан байдгийн. 10 саяар боловсруулна 13 үйлдвэр, 10000 тонн ноос, ноолуур боловсруулна, 225 сая доллароор бүтээн байгуулж, 40 жил ашиглана гэсэн ийм тооцоотой. 1200-1800 хүн ажлын байртай болно гэсэн. Хүлээлт маш их байсан, одоо ч өнөөдөр байгаа. Алсын хараа 2050-д бол Дарханы арьс ширний цогцолбор байгуулна гээд орчихсон байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд 2020 оны 8 сард Дарханд очихдоо Улаанбаатарт байгаа бүх арьс ширний үйлдвэрүүдийг бүгдийг нь Дарханд авчирна гээд ярьчихсан байж байгаа. Тэгээд асуугаад байгаа Дарханы ард түмэн. Энэ юу болж байна вэ, яаж байна?
-Яг энэ асуудлаар 2020 оны 12 сарын 23-наас хойш Монгол Улсын 3 хууль гарсан. Улсын Их Хуралд Засгийн газрын 9 тогтоол гарсан байдаг юм байна лээ. Тэгээд хэрэгждэггүй. Шинэ сайд очлоо энийг эрчтэй, хүчтэй хүлээж авч, энийг хийх байх. Энийг бол сая Даваасүрэн гишүүний хэлж байгаа төр, хувийн хэвшил дангаараа өөрийнхөө хөрөнгөөр хийх боломжгүй юм байна лээ дээ. Тийм учраас энэ дээр хэрвээ хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллая гэж байгаа бол энэ бага хүүтэй зээл олох, барих энэ чиглэлээрээ ажиллах ёстой юм байна лээ. Энэ дээр нэг ярих ёстой юм болохоор энэ сая Үйлдвэржилтийн байнгын хороо очиж газар дээр нь үзээд төрийн өмчтэй компани байгуулах шийдвэрийг цуцал. Буцаж мэдэгд гээд Засгийн газар чиглэл өгчихсөн байгаа юм.
2022.10.26.
УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны 8 тоот тогтоолоор “Дархан арьс ширний цогцолбор”, “Эмээлт эко үйлдвэрийн парк” болон “Шинэ Ховд үйлдвэр технологийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар чиглэл өгсөн байна.
Дархан цогцолборын тухайд тусдаа дэд бүтэц бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг гаргаж техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулж байгааг таслан зогсоож, гаргасан шийдвэрийг Улсын Их Хуралд танилцуулах агуулгатай байжээ.
2022 он.
Дарханы арьс шир, үйлдвэрлэлийн цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийн товч танилцуулга гаргасан байна.
2022.10.14.
ШШГЕГ-ын харьяа 461-р ангид хоригдож байгаа “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаяр хорих ангиас захидал бичиж “… Хөгжлийн банк болон хувийн хэвшлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санаатайгаар ХХААХҮЯ болон ДАШЦББ [Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт] ТӨХК-ийн эрх мэдлээ ашиглан гацааж, хохирол учруулаад байгаа гэж бид АТГ-т гомдол гаргаад байгаа юм… Гагцхүү хувийн хэвшил ДАШЦ болон төрийн ДАШЦББ ТӨХК хоёрыг яг ижил шударгаар аль нэгнийх нь асуудлыг шалгаж байгаа бол нөгөөгийнх бас тэр асуудлыг буюу 1:1 харьцаагаар шударга шүүгээч гэж хүсч байна. Хэрэв намайг энд хорьж байгаад шалгаж байгаа бол тэднийг мөн энд байлгаж шалгаж өгөөч гэж хүсч байна…. “гэжээ.
Тодруулахад, тэрбээр төслийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байхад төр дэмжигч биш өрсөлдөгч болж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дарханы арьс шир боловсруулах” бүтээн байгуулалтын компани гэгчийг үүсгэж байгуулсан, уг төсөл гацсанаар төсөлд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон туслан гүйцэтгэгч хувийн аж ахуй нэгжүүдийн 40 гаруй тэрбум төгрөг ямар ч эдийн засгийн эргэлтэд орох боломжгүйгээр царцаж төсөлд зарцуулахаар Хөгжлийн банкнаас зээлсэн зээлийн хүү нэмэгдэж байна гэж үзээд ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэл гаргасан байна.
2022.09.21.
АТГ-аас “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал асан Д.Болормаа нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар 15 тэрбум төгрөгийн зээл авсан, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр цагдан хорьжээ.
2022.09.14.
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгчээ.
2022.09.14.
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгч, Итал, Испани, Хятад, Монголын компаниудаар ТЭЗҮ, зураг төслөө хийлгэсэн. 225 сая.ам долларын төсөл гээд төрийн зүгээс дэмжээгүй биш дэмжсэн. Одоо Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйлдвэрийн районд баригдаж байна, цогцолбор цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн, 16 мегаваттын хос хэлхээт буюу бараг хоёр жижиг аймгийг хангахуйц дэд станцыг агаарын шугамтай нь хамт бариад байгаа, одоо гүйцэтгэл нь 90 гаруй хувьтай байна. 3.9 км инженерийн шугам хоолойг хийж гүйцэтгэсэн, ингэж бид цэвэрлэх байгууламж, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн ажилдаа 40 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна., Гэхдээ нэг асуудал үүссэн нь төр нэг гараараа хийсэн зүйлээ нөгөө гараараа устгах байдал манай цогцолбор дээр үүсч болзошгүй байгаад харамсаж байна. Төрийн зүгээс манай цогцолборын хажууд дахин нэг төрийн өмчит цогцолбор байгуулж, асуудлыг ойлгомжгүй байдалд хүргээд байна гэх мэтээр ярьжээ.
2022.06.15.
УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны тогтоолоор Дарханы цогцолборын асуудлыг шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.
2022.03.14.
Сайд З.Мэндсайхан Дарханы арьс ширний цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулна гэдгийг ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноосон брэнд бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи, менежментээр хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборыг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор”, “Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк” төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Дархан арьс ширний цогцолборын техник, эдийн засгийн үндэслэлийг Италийн Имагро групптэй хамтран боловсруулж дууссан. Тус цогцолбор нь нийтдээ 4 сая бог, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Энэ үйлдвэрийг үе шаттайгаар барьж 2024 оноос өмнө ашиглалтад оруулна. Ховд үйлдвэр технологийн паркийн хувьд баруун бүсэд босоо болон хэвтээ тэнхлэгийн замын уулзварт, хойд урд хөршийн дэд бүтцийн давуу талыг харгалзан Ховд аймагт энэ төслийг эхлүүлсэн. Төрийн зүгээс тус паркийн дэд бүтцийг нь барьж өгөөд баруун бүсийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бизнесээ явуулах орчныг нь бүрдүүлж өгөхөөр зорьж байна. Эхний ээлжид ноос ноолуур угаах чиглэл рүү дэд бүтцийг нь бий болгож өгнө.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
2021.12.31.
Үндэсний аудитын газраас “Дархан арьс, ширний цогцолбор” ОНӨХХК-ийн ажлын гүйцэтгэлд аудитын дүгнэлт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийн агуулгыг УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр танилцуулсан, гэхдээ бүрэн тайлан нийтлэгдээгүй.
2021.12.30.
“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Монгол Улсын Их хурлын 106 тоот тогтоолын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт”-ын “Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүд”-ийн тоонд Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах төслийг оруулсан байна.
2021.11.29.
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа, мөн төрийн зүгээс дэмжиж Хөгжлийн банкнаас төслийн нилээдгүй гол санхүүжилтийг хийсэн, бүтээн байгуулалтыг дуусгахад 200 гаруй сая доллар шаардлагатай, эхний ээлжинд үндсэн таван дэд бүтцийн 65 хувийг хийчихсэн, төслийн бэлтгэлийг нь хасаад үзвэл 40 гаран тэрбумыг зарцуулсан байна, дуусгахад эхний ээлжинд 60-аад тэрбум хэрэгтэй гэхчлэн ярьжээ.
2021 он
Дарханы арьс ширний цогцолборын төслийн барилгын ажил 2021 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон гэж орон нутгийн зүгээс танилцуулжээ
2021.05.13.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг дахь “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай танилцжээ. Энэ үеэр тус цогцолбор жилдээ 10 сая арьс шир, 10 мянган тн ноос, 1000 тн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулааны шугам 50 хувь, гадна дулааны 3.9 км шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй гэж танилцуулжээ.
2020.12.23.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байх тус компани нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулна. Компанийн өөрийн хөрөнгө хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 сая энгийн хувьцаатай байхаар тооцжээ.
Энэ үеэр “Дархан арьс ширний цогцолбор” байгуулах төслийн бүтээн байгуулалт 23 хувьтай байгаа бөгөөд цахилгаан, дулаан, уур, бохир ус цэвэрлэх байгууламж зэргийн ажлыг хувийн хэвшлийнхэн өөрийн болон Хөгжлийн банкны зээлээр эхлүүлсэн, төслийг нийтдээ 552 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ гэж мэдээлсэн байна.
2020.12.16.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай танилцахад шугам хоолойн ажлын явц 80 хувьтай, дэд станцын ажил 90 хувьтай буюу нийт ажлын явц 40 хувьтай гэж танилцуулжээ.
2020.12.09.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.10.1 дэх заалтад “Дархан арьс ширний цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ” гэж заагаад дараах байдлаар тооцоолжээ.
| Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан нь: Хэрэгжих хугацаа: 2021-2024. Эх үүсвэр: Бусад эх үүсвэр. Нийт хөрөнгийн хэмжээ (2021-2024) – 120,000.0 сая төгрөг Суурь түвшин: Дарханы ҮТП-ийн бүтээн байгуулалтын явц 22,4 хувь Хүрэх түвшин, үр дүн, төсөв (сая төгрөг): 2021 он. Дэд бүтцийн ажлын явц – 70 хувь. Төсөв (сая төгрөг) – 120,000.00 төг 2022 он. ҮТП-ийн дэд бүтцийн ажлын явц 100 хувь, үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын явц – 40 хувь. Төсөв (Тодорхойгүй) 2023 он. ҮТП-ийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын явц – 80 хувь. Төсөв (Тодорхойгүй) 2024 он. ҮТП-ийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын явц – 100 хувь. Төсөв (Тодорхойгүй) Хэрэгжүүлэх байгууллага: Үндсэн: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам. Хамтрагч: Аймгийн ХХААГ-ууд, Үйлдвэрлэл технологийн паркуудын захиргаа. Оролцогч: Хувийн хэвшил |
2020.11.18.

Засгийн газрын 185 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК байгуулжээ. Регистрийн дугаар: 6646778. Хувьцаа эзэмшигч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам.
2020.09.29.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутагт ажиллах үеэрээ Дархан арьс ширний цогцолборын ажлын явцтай танилцжээ.
2020.09.17.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Дархан арьс, ширний үйлдвэр технологийн паркийн ажлын явцтай танилцах үеэрээ Улаанбаатарт байгаа арьс, ширний 40 орчим үйлдвэрийг энэ парктай энэ нэгтгэх, цаашид энэ чиглэлийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг цогцолбор хэлбэрт оруулах, ажилчдын хороолол барих зэрэг саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх чиглэл өгсөн гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлжээ. Мөн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК нь арьс шир, хөнгөн үйлдвэрлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Хонгор сумын 1-дүгээр багт арьс шир, ноос ноолуур боловсруулах цогцолборын үйлдвэрийг 180 га газарт бүтээн байгуулж байгааг дурдаад өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монгол малын арьсанд тохирох , олон улсын стандартын шаардлага хангахуйц технологийг боловсруулж эхний туршилтын бүтээгдэхүүнийг гаргасан ба урт хугацааны нийлүүлэлтийн хүрээнд гэрээний дагуу энэ онд 600 мянган ширхэг богийн арьс Испани улс руу илгээнэ гэжээ.
2020.08.28.
Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.10 дахь заалтад “Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ…” гэжээ
2020.05.13.
“Мал аж ахуйн түүхий эдийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “Дархан үйлдвэр технологийн парк”-ийн нэгж “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай зээлийн хүүгийн татаасыг санхүүжүүлэх гэрээ байгуулж, хэрэгжүүлэх замаар тус цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгажээ.
2019.09.18.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Төслийн жагсаалт батлах тухай” 356 дугаар тогтоолд “Дархан арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн төсөл багтжээ.
2019.08.06.
Монгол Улсын Ерөнхий Сайдын “Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах Дархан арьс ширний цогцолбор байгуулах, түүнд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулах тухай” 102 дугаар захирамж гаргасан
2018.09.05.
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК байгуулагдав. Регистрийн дугаар: 4279824. Гүйцэтгэх захирал ба эцсийн өмчлөгчөөр Даваацэрэн овогтой Энхбаяр бүртгүүлжээ.
Хувьцаа эзэмшигчид нь Дархан-Уул аймгийн ИТХ ба “Лидер капитал” ХХК. Хувьцаа эзэмшигч нь 38 иргэн, аж ахуйн нэгж бөгөөд гүйцэтгэх захирлаар Даваацэрэн овогтой Энхбаяр, эцсийн өмчлөгчөөр Зориг овогтой Тэлмэн, Даваацэрэн овогтой Төгсбаяр, Даваацэрэн овогтой Энхбаяр, Даваацэрэн овогтой Төгсбаяр нар бүртгүүлсэн байдаг.
Тэд 2018 оноос Хөгжлийн банкны зээл авч Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлж цахилгааны шугам, цэвэрлэх байгууламж, гадна дулаан, цэвэр усны хангамж, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлууд хийгдсэн боловч 2021 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогсож гүйцэтгэгчээр ажиллаж байсан орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд хохирсон гэж танилцуулдаг.
2014.11.01.
“Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршлын тухай” Засгийн газрын 356 дугаар тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэн байршуулахаар заажээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 2.5 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэн байршуулах тухай нийслэлийн удирдлагын саналыг дэмжсүгэй.
2. Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтын болон хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологитой цэвэрлэх байгууламжийг байгуулах ажлыг 2014 оны 11 дүгээр сараас эхлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай хамтран шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Арьс, ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 249 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
2013.07.06.
Монгол Улсын Засгийн газрын “Арьс ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 249 дугаар тогтоолоор Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулахаар заажээ.
Үүнд,
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 2.3, 2.5 дахь хэсэг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулсугай.
- Арьс, ширний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулахад Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.
- Арьс, ширний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулахад бүтээгдэхүүн худалдан авагч талын хөрөнгө оруулалтыг оролцуулах, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА
2012.12.28.
Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын 74 дугаар тогтоолоор 5/арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулахаар заажээ.


















